Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.20/ 08.00 цагт эхлэн үргэлжилж байна хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржавын оронд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгыг томилсон байна.
Харин Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав нь Элчин сайдаар томилогдсон учраас ийн түүний оронд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгыг томилсон байна. Б.Солонгын хувьд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж, Оюутолгойн гэрээг өөрчлөх, хэлэлцээрийн ажлын хэсэгт чухал үүрэг гүйцэтгэж буй юм. Б.Солонго нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль төгссөн байна. Мөн 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй бөгөөд англи, унгар хэлтэй ажээ. Б.Солонго нь 2011-2017 онд “Хоган Ловеллс” олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч, 2017 оноос одоог хүртэл “Авинекс партнерс” өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа ажээ.