Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ
“Монгол Улс-Ногоон хөгжил” НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ.
Хэлэлцүүлэг нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд ойн аж ахуй, эрчим хүч, бэлчээрийн зохицуулалтын чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэх, дээрх бага хуралд Монгол Улсын Засгийн газрын бүтээлч оролцоог дэмжих зорилготой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн төлөө бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж байгааг хэлэв.
Мөн нүүрснээс өөр эрчим хүч, дулааны хангалттай эх үүсвэргүй орны хувьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмэгдүүлэхийг зорьж байгааг тодотголоо.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болох хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулна. Цаашид шинэ технологи, инноваци нэвтрүүлж, ногоон санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэн энэ хувийг 27.2 хувь болгохыг зорьж байгаа юм.
Монгол Улс Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас багагүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд зарцуулахаар төлөвлөөд байна. Мөн хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, ялангуяа донор орнууд, олон улсын байгууллагуудын туршлага, зөвлөгөө, шууд болон шууд бус санхүүгийн дэмжлэг онцгой үүрэгтэй юм.
Хэлэлцүүлэгт Азийн хөгжлийн банк, НҮБ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Дэлхийн банк групп зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна.Энэ үеэр
Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ахмед М. Саийд:
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхдээ олон сорилт, бэрхшээлтэй тулгарах нь ойлгомжтой. Гэхдээ олон боломж бас нээгдэж байгаа. Та бүхний зоримог алхмыг Азийн хөгжлийн банк бүрэн дэмжиж байна. Ялангуяа эрчим хүч, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр тухайлан дэмжинэ. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нөөц ихтэй танай улс дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашид экспортлох боломж байна.,
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, дэд захирал Уша Рао-Монари:
Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсын анхаарлын төвд байгаад талархал илэрхийлье. “Тэрбум мод” тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаа нь маш зөв алхам. Нийт иргэн, түүний дотор эмэгтэйчүүд, залуучуудыг татан оролцуулах нь зүйтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн улс орнууд хамтдаа тэмцэж байж үр дүнд хүрнэ.
ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон:
Уур амьсгалын өөрчлөлт цөлжилт, шар шороон шуурга, байгалийн гамшигт үзэгдэл гээд олон хор хохирол учруулж байна. Даван туулах, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, санхүүжилтээ нэмэхэд анхаарах нь зүйтэй. Дэлхийн улс орнууд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлаар асуудлаа ярилцан, тодорхой үр дүн гаргах нь чухал байна." гэв.
Цаашид сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх, малын тоо толгойн зохистой харьцааны менежмент бүрдүүлэх, хог хаягдлын үйлдвэр болон дулаан, эрчим хүчний хэмнэлттэй барилга барихад шаардагдах хөрөнгийг нэмэх шаардлагатайг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэлэв.
“Монгол Улсын ногоон хөгжлийн алсын хараанд ойн аж ахуйн оролцоо”, “Ногоон эрчим хүчний шийдлийг өргөжүүлэх”, “Тогтвортой бэлчээрийн зохион байгуулалт болон ногоон эдийн засгийн төрөлжилт” сэдвээр хэлэлцүүлэг хийх юм.
Урьдчилсан хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Азийн хөгжлийн банк, НҮБ хамтран зохион байгуулж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ