Монгол Солонгос хоёр иргэн нийлж, Нүхтийн аман дахь хауснаас баячуудын хулгай хийсэн хэрэг гарсан. БНСУ-ын иргэнд долоон жилийн хорих ял, Монгол Улсын иргэнд таван жилийн хорих ял шүүхээс оноосон юм. Хулгайд өртсөн “Гацуурт”-ын Чинбатын гэрээс алдагдсан зүйл ил болжээ. “Гацуурт”-ын Л.Чинбат, экс гишүүн Л.Гүндалай зэрэг Монголын толгой баячуудын гэрээс 20 гаруй алтан бурхан хулгайлж нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан аж. Хачирхалтай нь энэ хэргийг Өмнөд Солонгосын иргэн Бак Жон Ёо гэгч үйлдсэн. Нутагтаа хэд хэдэн хулгай хэрэг үйлдсэн солонгос иргэн монгол хамтрагчтай төдийгүй монгол найз хүүхэнтэй нэгэн байсан. Монгол хамтрагч нь Хүрэлжанжин гэсэн содон нэртэй. Тэрээр Солонгос улсад олон жил амьдарч байгаад эх орондоо ирж, орчуулагчаар ажиллаж байжээ. Солонгос, монгол хоёр иргэн нийлж орон байрны хулгайн хэрэг хийхдээ, “Гацуурт”-ын Л.Чинбатын гэрээс гэхэд 590 сая гаруй төгрөгийн хөөрөг, хуучны эдлэл, эхнэр Нараагийнх нь алт мөнгөн үнэт эдлэл,10 сая төгрөг бэлнээр хулгайлсан байна. “Гацуурт”-ын Л.Чинбатын гэрийн манаачаар Хойд Солонгосын иргэн Пак Сүн Хёк ажилладаг байжээ. Тиймээс Хоёр Солонгосын иргэд хоорондоо холбоотой эсэхийг шалгасан холбоотой нь тогтоогдоогүй гэнэ. Монголын толгой баян “Гацуурт”-ын Чинбат гэр орон, эд хөрөнгөө мануулахаар монголчуудаас илүү гадаадын иргэнд итгэж даатгадаг бололтой. Монгол, солонгос хоёр хулгайч “Гацуурт”-ын Чинбатын хаусын хоёр давхрын цонхыг хагалан орж байхад Хойд Солонгосын манаач хаа байсан нь тодорхойгүй. Гэрт нь хулгай орох үеэр Чинбат гэргийтэйгээ Англид явж байжээ. Гэрт нь хулгайч орсныг мэдээд гэртээ ирээд эд хөрөнгөө бүртгэхэд маш өндөр үнэтэй бурхан, хөөрөг, хуучны эд зүйл нь алга байжээ. “Гацуурт”-ын босс нь хуучны эдлэл, хөөрөгний хорхойтон, том цуглуулгатай гэнэ. Хүрэл зэвсгийн үед хамаарагдах таягны толгой алга болжээ. Энэ таягны толгойг 70 мянган доллароор авсан гэнэ. Гишүүн А.Сүхбатаас 25 саяар авсан Майдар бурханыг нь хулгайлснаас гадна 200 жилийн настай хөөрөг гэхчлэн гадаад, дотоодын хөөрөгний цуглуулагчдаас худалдаж авсан 3 саяас 300 сая хүртэл үнэлэгдэх олон хөөргийг нь монгол, солонгос хоёр иргэн хулгайлжээ. Тэрчлэн гэргийнх нь Англи, Турк, Арабын Эмират, Канад, Шинэ Зеланд зэрэг улсаас 100 доллароос 15 мянган доллароор худалдан авсан ээмэг бөгж, кулон зүүлт бугуйвч зэргийг нь авсан байна. Монгол солонгос “сайн эрс” мөрдөн байцаалтын явцад “хохирогч нарын нэхэмжлээд байгаа эд зүйлс дотор аваагүй, мэдэхгүй зүйлүүд байна ... авсан зүйлүүдээ бүгдийг нь өгчихөөд байхад мэдэхгүй эд зүйлийг нэмхэмжиллээ” хэмээн гомдол гаргасан ч авч хэлэлцээгүй аж