Хэрвээ цахимжсанаар ажил нь сайжирч, ард түмний төлөө зүтгэх зүтгэл нь нэмэгддэг бол УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгчид илүү ажиллахаар болсон. Гишүүдийн хангамж тэнгэрт тулсан бол тэдний араас аймаг, хот, дүүргийн төлөөлөгчид хурдтай нэхэж явна. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид мөнгөн урамшуулал л гэхэд улиралд хоёр сая төгрөгнөөс доошгүйг авдаг. Одоо ухаалаг таблеттай болж байна. “Цахимжуулах” өвчин хөдөөний ИТХ-ээс эхэлсэн хотод халджээ. Чингэлттэй дүүргийн ИТХ-ыхэн төлөөлөгчдийн “ажил үүргийг цахимжуулах” нэрээр 200 сая төгрөгөөр ухаалаг таблет авч өгөхөөр тендер зарлажээ. Техникийн үзүүлэлтийг нь харахад хамгийн сүүлийн үеийнхийг заасан байна. Энэ дүүргийн ИТХ-ыг Б.Мөнхбат тэргүүлдэг. Улс төрийн сонголтын тухайд 2008 оноос эхлэн Нийслэлийн МАН-д Бага хурлын гишүүнээр сонгогдож байсан намтартай. Улс төрийн намаа шинэчлэх хөгжлийн хороо буюу Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл нартай ойр нөхөрлөж явсан гэдэг. Одоогийн УИХ-ын дэд даргын ойрын хүн гэчихвэл үнэнээс хол зөрөхгүй. 2012 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн ИТХ-д сонгогдон ажилласан гэхээр гуравдахь дахь удаагаа дүүргийн иргэдээ төлөөлөх эрхийг авсан гэсэн үг. ИТХ-ын даргаар анх сонгогдох нь гэр хороолол ихтэй, дагаад ядуурал, ажилгүйдэл ихэссэн, гэмт хэргийн гаралт тэр дундаа хүүхдийн хүчирхийллийн асуудал ихссэн дүүргийг өөрчлөх, төсөв санхүүг зөв зохион байгуулж хуваарилах үүрэг түүнд оногдож байна, итгэл алдахгүй хэмээн хэвлэлээр шуугиж байсан. Гэвч “магтсан хүүхэн хуриман” дээрээ гэгчээр гэр хорооллын түмэн асуудал, хүүхдийн хүчирхийлэл зэргийг хойш нь тавиад хэдэн төлөөлөгчидөө 200 сая төгрөгөөр “эрхлүүлээд” сууж байна. ИТХ-д гурвантаа сонгогдсон ч Б.Мөнхбат шийдэрлэх асуудлын эрэмбэ дараалал гэдгийг одоо болтол ойлгохгүй яваа аж. Төлөөлөгч нар нь таблет ашиглаад ажил үүргээ цахимжуулна гэдэг нь “манай монгол бүтэхгүй” гэдэгтэй л ижил биз. Алдаж унагаад хагална, ашиглаж чадахгүй гацаана. Аягүй бол хүүхдүүдийх нь тоглоом тоглодог эд болоод л дуусах байх даа ...