Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт өнөөдөр /2021.10.26/ эхэллээ.
Шүүх хуралдааны дэг сахиулах болон шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг хэрэгжүүлдэг цагдаагийн алба хаагчдад эрх зүйн болон практик мэдлэг олгох зорилготой уг сургалт хоёр өдөр үргэлжилнэ. Сургалтын нээлтийн үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд сургалтад оролцогчдод амжилт хүслээ. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах алба хаагчдад зориулсан сургалтын эхний өдөр Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, холбогдох дүрэм, журмыг танилцуулж, цагдаагийн алба хаагчийн харилцаа хандлага, шүүгдэгч, яллагдагчийн сэтгэл зүйн асуудал болон шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцоно. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах олон улсын сайн туршлагыг мөн танилцуулахаар төлөвлөжээ. Хоёр дахь өдрийн сургалт практик хэлбэрээр үргэлжлэх бөгөөд цагдаагийн тусгай хэрэгсэл ашиглах, шүүхийн байранд эмх замбараагүй байдал үүссэн тохиолдолд хэрэгжүүлэх тактик ажиллагаа зэрэг үзүүлэх сургалтыг зохион байгуулна.