“Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 299 дүгээр тогтоол саяхан батлагдаж гарсан. Дээрх шийдвэр шинжлэх ухааны хөгжил, эрдэмтэн судлаачдад хэр ээлтэй шийдвэр болсон талаар ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатартай ярилцлаа.
-“Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2021 оны 299 дүгээр тогтоолын ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?
-Ер нь сүүлийн жилүүдэд Монголын төрөөс шинжлэх ухаан, технологи, инновацын талаар баримтлах бодлого, үйл ажиллагаанд томоохон эргэлт гарсан гэж үзэж болно. 2019 онд зохион байгуулагдсан Шинжлэх ухааны ажилтны анхдугаар Их хурлаас хойш “Хандлагаа өөрчилье” гэсэн уриалга хоосон лоозон биш гэдгийг Засгийн газрын удаа дараагийн шийдвэр бодитой харуулж байна. Энэ удаагийн Засгийн газрын 299 дүгээр тогтоол бол Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д шинжлэх ухаан, технологийн санхүүжилтийг 2025 онд Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувьд хүргэх, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг дөрөв дахин нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлэх зэрэг бодлогын томоохон шийдлүүдийг хөрсөн дээр нь буулгаж хэрэгжүүлэхэд чиглэсэн түүхэн чухал шийдвэр боллоо гэж шинжлэх ухаан, технологийн салбарынхан талархан хүлээж авч байгаа шүү. Энэ тогтоол бол БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ШУА-ын болон төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтай нэг бүрчлэн биечлэн танилцаж, манай шинжлэх ухаан, технологийн салбарынхны хийж бүтээсэн зүйл, зорьж тэмүүлж байгаа зорилго, эрдэмтэн судлаачдын ажил хөдөлмөрийн онцлог, тэдний ажил үйлсэд болон ахуй амьдралд нь тохиолдож байгаа сорилт, бэрхшээл, асуудлууд, шийдвэрлэх гарц гаргалгааны талаар илэн далангүй ярилцаж ойлголцсоны эхний маш том үр дүн гэж бид харж байна.
Ам дамжсан, эсвэл нийгмийн сүлжээгээр цацагдсан мэдээлэлд хөтлөгдөхгүйгээр бодит амьдрал дунд орж, ажил төрлөө гардан хийж, бүтээж халуунд нь халж, хүйтэнд нь даарч сэтгэл зүрхээрээ зүтгэж байгаа хүмүүсийнхээ санаа бодлыг сонсож, түүндээ үндэслэж шийдвэр гаргахын үлгэр жишээ бол энэ тогтоол. Тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн болон салбарын сайд, холбогдох хүмүүс үүрэг болгон даалгасан асуудлууд бол манай салбарынхны хувьд хүлээлт үүсгээд байсан үндсэн бэрхшээлийг шийдвэрлэх бололцоог нээж байгаагаараа Монголын шинжлэх ухааны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх болно. Чухам энэ утгаараа шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачдын хувьд ялангуяа, Монгол Улсын ШУА-ийн хувьд үнэхээр чухал ач холбогдолтой хэмээн дүгнэж байна.
-Та сая сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, үйл ажиллагаанд эргэлт гарлаа гэж хэлсэн, энэ чухам юуг хэлж байгаа вэ. Бага зэрэг тодруулахгүй юу?
-Хэд хэдэн зүйлийг нэрлэж хэлэх боломжтой гэж бодож байна. Хамгийн ойрхоны жишээгээр эхэлье. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газар Судар бичгийн хүрээлэнгийн жижиг модон байшингаас хойш 100 жилийн хугацаанд анх удаа 2020 онд өөрийн гэсэн байртай боллоо. Энэ бол Та бидний ярилцаад сууж буй энэ долоон давхар барилга. Засгийн газраас зориуд анхаарсны тодорхой үр дүн. Цаашилбал, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 4.8 га талбайд баригдах 74.300 м2 талбай бүхий үндсэн долоон хэсэг барилга, байгууламжаас бүрдэх томоохон хэмжээний бүтээн байгуулалтыг дурдах хэрэгтэй. Цогцолборын барилгад олон улсын стандартад нийцсэн нээлттэй, салбар дундын, нэгдсэн, төрөлжсөн лабораториуд, жишиг үйлдвэрлэлийн цех, оффис, номын сан, хурлын танхим, биеийн тамир, спортын цогцолбор, олдвор, дээж хадгалах агуулах, палеонтологи, археологи, одон орон судлалын музей байрлах бөгөөд төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн 3300 орчим эрдэмтэн судлаач, ажилтан албан хаагчид ажиллах хүчин чадалтай шинжлэх ухаан, технологи, инновац, танин мэдэхүйн төв хэлбэрээр ажиллах өргөн бололцоо нээгдэх болно. Цар тахлын хүнд цаг үед ч гэсэн энэ чухал бүтээн байгуулалтын санхүүжилтийг тасалдуулахгүй байж ажил хэвийн үргэлжилж байгаа нь бас засаг төрийн бодлогод гарч буй шинэ хандлага гэж ойлгож болно.
Түүнчлэн салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, бүтэц, зохион байгуулалт, менежментийг сайжруулах, санхүүжилтийн механизмыг зөв оновчтой болгох, судалгааны ажлын үр дүнгээр бий болсон шинэ санаа, дүгнэлтүүд, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр бодлогын тодорхой алхмууд хийж байгааг бид мэднэ. Тухайлбал, Шинжлэх ухаан технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг 2017 онд, “Инновацын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг 2018 онд тус тус баталсан, 2019 онд “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг зохион байгуулсан, УИХ-ын Байнгын хорооны хэдэн тогтоол гарсан, Засгийн газрын 2019 оны Засгийн газрын 328 дугаар тогтоол, одоо саяын 299 дүгээр тогоол гээд тодорхой шийдвэрүүд бол төрийн бодлогод гарч буй эргэлтийн шинжтэй өөрчлөлтийн эхлэл гараа гэж би харж байгаа юм. Дүгнээд хэлбэл, Монголын төр шинжлэх ухаанаа дэмжиж, шинжлэх ухааны үндэстэй судалгаа тооцоонд тулгуурласан бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж байж улс орноо хөгжүүлнэ гэсэн үзэл баримтлалыг улам тодорхой баримтлах хандалга бий болж байгаа нь эргэлтийн шинжтэй өөрчлөлт юм аа. Үүнийг дагаад шинжлэх ухаан, технологи, инновацын байгууллагууд, тэнд ажиллаж байгаа эрдэмтэн судлаачид маань бид, бидний ажил үйлс улс орны хөгжлийг түүчээлэх ёстой гэдгийг сайтар ойлгож ажиллах хариуцлага хүлээх болно.
-Сая гарсан Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор чухам ямар ямар асуудлыг шийдсэн бэ. Яагаад түүхэн чухал ач холбогдолтой гэж та үзэж байгаа юм бол?
-Ер нь бол 13 заалттай харьцангуй том тогтоол. Энд эцэслэн шийдсэн зүйлүүд ч байна, бас шийдэх эхлэлийг тавьж, салбарын сайдад даалгасан, цаашдаа УИХ-д оруулж хуулийн хэмжээнд шийдэх асуудлууд ч байгаа гэж би ойлгож байна. Тухайлбал, Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, энэ зорилгоор Зөвлөлийн дэргэд шинжээчид ажиллуулахаар шийдвэрлэсэн. Үндэсний зөвлөл бол Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн бодлогыг зохистой хэрэгжүүлэх, төсөл хөтөлбөр, түүний санхүүжилтийн асуудлыг уялдуулан зохицуулах маш чухал институт. Гэтэл энэ зөвлөлийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орсон нь салбарын бодлогын хэрэгжилтэд муугаар нөлөөлсөн. Бид ч түүнийг тодорхой хэмжээнд мэдэрч байдаг хүмүүс. Энд бас хуулийн хэмжээнд нарийвчлах зүйлүүд байдаг. Өөрөөр хэлбэл, салбар ажиглагдаж эхэлсэн бодлогын нааштай алхмуудыг бодит үр дүн хүргэхэд энэ шийдвэр чухал нөлөө үзүүлэх ёстой.
Шинжлэх ухаан, технологийн сангийн талаар сүүлийн үед яригдаж байгаа асуудлууд, ялангуяа олон улсын жишгээр харьцангуй бие даасан үйл ажиллагаа явуулдаг, суурь болон хавсарга судалгааны төслүүдийг дэлхий нийтэд хэрэглэдэг сангийн менежментийн зарчмаар хэрэгжүүлдэг болгоход чиглэсэн үзэл санаагаар Сангийн дүрэм журмыг боловсруулан Засгийн газрын хуралд оруулан шийдвэрлүүлэх бололцоо энэ тогтоолоор нээгдсэн. Сангийн орон тооны хязгаарыг баталлаа. ШУТ Сан бол манай шинжлэх ухааны салбарын эрдэм шинжилгээний ажлыг, их дээд сургууль болоод академийн хүрээлэнгүүдийн эрдэмтдийн төслийг санхүүжүүлдэг байгууллага. Энэ утгаараа манай салбарынхны ажлын хамгийн их хэл ам дагуулдаг, эрдэм шинжилгээний ажилтнуудын амин чухал эрх ашгийг хөндөж байдаг газар. Тэгэхээр энэ сангийн үйл ажиллагаа жигдрэх нь шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилд нэн тустай хэрэг болно. Манайхны хувьд судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хэвийн тогтвортой явуулах, улмаар олон улсын төвшинд ойртуулах, эрдэмтний хөдөлмөр бүтээлээр лабораторид бий болсон шинэ технологи, шийдлүүдийг үйлдвэр практикт нэвтрүүлэх, гадаад орон, олон улсын байгууллагаттай хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэгт байнгын хүндрэл учруулдаг асуудал бол шаардлагатай тоног төхөөрөмж, урвалж хэрэглэгдэхүүн, туршилт судалгаанд зориулсан бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар нэвтрүүлэх, худалдан авалт хийхэд учирдаг элдэв саад бэрхшээл байдаг. Сая гарсан тогтоолоор энэ асуудлыг судалж, Засгийн газраар шийдүүлэх үүргийг манай сайд өөртөө хүлээж авлаа. Ийнхүү асуудлын учрыг нь ойлгосон, зовлонг нь сайн мэдэх хүн хариуцаж шийдвэрлүүлэх талаар тодорхой үүрэг хүлээсэн нь уг асуудал нааштай шийдвэрлэгдэх итгэл найдварыг төрүүлж байна. Сайн эхлэл ажлын хагас гэж ярьдаг биз дээ.
-Л.Энх-Амгалан сайд санхүүжилтийн механизмыг оновчтой болгох талаар их яриад байсан энэ асуудал тогтоолоор шийдэгдэж байгаа юу?
-Сайдын яриад байгаа асуудлууд энэ тогтоолыг хэрэгжүүлэх явц болон мөн саяхан яаманд хийсэн бүтцийн өөрчлөлтөөр дамжиж хэрэгжих юм гэж ойлгож байгаа. Тогтоолд бол 3 багц асуудлын талаар нарийвчлан судалж, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан жил бүрийн төсөвт суулгаж байхыг салбарын сайд, Сангийн сайд нарт даалгасан байна билээ. Энэ нь нэгд, шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагаанд үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нэвтрүүлэх асуудал. Өөрөөр хэлбэл, манай салбарын сайдын яриад байгаа санхүүжилтийн механизмыг оновчтой болгох асуудлыг тогтоолд ийм байдлаар тусгасан гэж ойлгосон. Энд эрдэмтдийн оюуны хөдөлмөр, тодорхой бүтээлийг олон улсын жишгийн дагуу үнэлгээжүүлэх асуудал тэргүүн зэрэгт тавигдах учиртай. Ер нь оюуны хөдөлмөрийн үнэлгээ манай улсад хамгийн тааруу, бүр ойлгомжгүй байгаа зүйлийн нэг яах аргагүй мөн. Манай салбарын үр дүнд суурилсан санхүүжилт гэдэг бол эцсийн дүндээ оюуны хөдөлмөрийн үр дүнг л үнэлэх асуудал. Үнэлгээ зөв хийгдвэл үр дүн бас бодитой санхүүжүүлэх боломж бүрдэнэ.
-Дээрх шийдвэрээр зарим хүрээлэнгийн үйл ажиллагааг сэргээж, зарим хүрээлэнг шинээр байгуулахаар болж байх шиг байна. Ялангуяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэнг байгуулж байгаа нь зайлшгүй шаардлага, нийгмийн захиалга байсан уу?
-2015 оны Засгийн газрын тогтоолоор их, сургуулиудын харьяанд зургаан хүрээлэнг харьяалуулж төсвөөс санхүүжилт олгохоо больсон шийдвэр гаргасан байсан. Тэдгээр хүрээлэнгүүдээс хоёр хүрээлэнг буюу Дулаан техникийн хүрээлэн, Ойн модны сургалт, судалгааны хүрээлэнг улсын төсвөөс санхүүжүүлэх, орон тоо төсвийг баталж өглөө. Энэ хоёр хүрээлэн бол их, дээд сургуулийн дэргэд эрдэм шинжилгээний ажил үр дүнтэй зохион байгуулагдах, их дээд сургуулиудын судалгааны чадавхыг бэхжүүлэхэд чухал дэмжлэг болох шийдвэр гэж харж байгаа. Ялангуяа “Нэг тэрбум мод” тарих хөдөлгөөн үндэсний хэмжээнд өрнөж эхлээд байгаа энэ цаг үед Ойн модны сургалт, судалгааны хүрээлэнг улсын төсвөөр бие даалгаж улсын төсвөөс санхүүжүүлж байгаа нь нүдээ олсон шийдвэр боллоо гэж олон нийт хүлээж авч байх шиг байна. Мөн ШУА-ийн харьяанд Тархи, сэтгэл судлалын хүрээлэн гэж шинээр байгууллаа. Тархи судлалын шинжлэх ухаан бол орчин үеийн дэлхий улс орнуудад өнөөгийн шатанд хамгийн эрчимтэй хөгжиж байгаа хүний уураг тархи, сэтгэцийн үйл явцыг олон шинжлэх ухааны уулзвар дээр нарийвчлан судалдаг. Үүнийгээ сэтгэл судлалтай холбож судлах, бие даасан эрдэм шинжилгээний байгууллагыг ШУА-ийн харьяанд байгуулж байгаа явдал нь дэлхийн хөгжлийн хандлагыг тусгасан, мөн монголчуудын шинжлэх ухааны хөгжлийн зайлшгүй хэрэгцээг тооцож үзсэн шийдвэр гарлаа гэж ойлгож болно. Ер нь тархи судлал бол дор хаяж 8-10 шинжлэх ухааны уулзвар дээр хөгждөг биеэ даасан том салбар. Сэтгэл судлал ч бас өөрөө биеэ даасан олон салбаруудтай суурь шинжлэх ухаан. Гэхдээ энэ шинжлэх ухааныг хөгжүүлэхэд манай улсад хөрөнгө, мөнгө, хүний нөөц гэх мэтчилэн зүйл шаардлагатай. Ямар ч байсан үндэс суурийг тавьж байгаа нь сайн асуудал. Цаашдаа тархи судлалын болоод сэтгэл судлалын хүрээлэнгүүд илүү бэхжих, өргөжих, илүү бие даасан хэлбэртэй хөгжих шаардлага тулгарна. Энэ шаардлагыг Засгийн газар ойлгож шийдвэр гаргасанд манай эрдэмтэд таатай хүлээж авч байгаа.
-Мөн Технологийн инкубаторыг шинээр сэргээн байгуулахаар боллоо. Энэ төв одоо ШУА-ийн ХХТХ-ийн бүтцэд хамааралтай байгууллага. Одоо бие даасан байгууллага болсноор ямар үр ашиг дагуулах вэ?
-ШУА-ийн харьяанд Технологийн инкубаторыг бие даасан хуулийн этгээд буюу хүрээлэнгийн статустай шинээр тусгаарлан байгуулж байна. Манай эрдэмтдийн хийсэн судалгааны ажлын үр дүн, шинэ технологи, шинэ санаа оноо, үйлдвэрлэл практикт хэрэгжихгүй байгаагийн нэг гол шалтгаан бол Технологийн инкубатор бие даасан, идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, эрдэмтдийн лабораторид хийж бүтээсэн шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн инновацын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд технологийн бойжилт хийх ёстой. Тэр бойжилтыг инкубатор гэдэг газар хийж боловсруулдаг олон улсын жишигтэй. Энэ үйл явц олигтой бие дааж хөгжихгүй байсныг бие даалгаж өргөн хүрээнд өргөжүүлэх бололцоог энэ шийдвэрээр нээж өгч байгаа юм. Шинээр хүрээлэнгийн статустай хоёр байгууллага бий болж байгаа нь ШУА-ийг, шинжлэх ухааны салбарыг бэхжүүлж байгаа том алхам.
-Шинжлэх ухааны салбарт ойрын үед тулгамдаж байгаа ямар асуудал байна?
-Ер нь бол Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, төсвийн төлөвлөлт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд тодорхой 2-3 заалт байгаа гэдгийг би өмнө хэлсэн дээ. Үүнийг хэрэгжүүлэхэд дээрх шийдвэр нааштай том алхам болж байна. Мөн өмнө дурдсан бодлогын баримт бичигт эрдэм шинжилгээний ажилтны тоог ойролцоогоор 2025 он гэхэд 3 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байгаа. Санхүүжилтийн болон хүний нөөцийн том зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа маань энэ тогтоолоор урагшаа алхаж эхэлж байна. Эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлэх гарцыг хийж байна. Төсөв хөрөнгийн хэмжээг ямар нэг хэмжээгээр нэмэгдүүлэх гарц нээгдэж байна. Санхүүжилтийг механизмыг боловсронгуй болгох алхам хийгдэж эхэлж байна. Одоо бодлогын хувьд чиг шугам нь тодорхой болж буй энэ тодорхой зорилтуудаа хэрэгжүүлэх эрх зүйн орчноо нэг мөр эцэслэн шийдэхгүй бол цаашдаа шинэчлэл эрхзүйн талаасаа зөрчил саадтай учирч болох магадлалтай. Тиймээс бодлогын хувьд Засгийн газрын шийдэж байгаа энэ зүйлүүдээ хуулийнхаа зохицуулалт руу оруулж сайжруулах талаар идэвхтэй ажиллаасай гэсэн хүлээлт байгаад байна. Шинжлэх ухааны салбарт судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлэх механизмыг боловсронгуй болгохын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилтны суурь цалинг яаралтай нэмэхгүй бол одоо үндсэндээ төрийн үйлчилгээний салбарын хамгийн бага цалинтай хүмүүс маань эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд болчих гээд байна. Цар тахлын хүнд үед төсөв санхүүгийн хувьд хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ оюуны хөдөлмөр, тэр дундаа эрдэм шинжилгээний ажлын суурь үнэлэмжийг шаардлагын хэмжээнд хүргэж нэмэхгүйгээр, чадварлаг хүний нөөцгүйгээр дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлнэ гэх нь их ойлгомжгүй зүйл. Тийм учраас эрдэм шинжилгээний ажилтны цалингийн сүлжээг шинэчилж тогтоох нь тун хойш тавилгүй шийдмээр байна.
-Шинжлэх ухааны салбар шинэчлэгдэхгүй, хөгжихгүй байгаа нь хүрээлэнгүүдийн захирлуудын засаглал сул байгаатай мөн залуу эрдэмтдээ дэмжихгүй байгаатай холбож үзэх хэсэг байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Засаглал гэдэг чинь удирдлагын систем л дээ. Удирдлагын тогтолцоо оновчтой, оновчгүй байна гэдэг яриа бол маргаантай л асуудал. Ер нь аливаа удирдлагын тогтолцоо засаглалын систем 100 хувь бүх оролцогчдод таалагдаж байх юм уу, санаа нийлэх тийм хувилбар байдаггүй. Миний харж байгаагаар өнөөдрийн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын бий болсон удирдлагын тогтолцоо бол ямар ч байсан уламжлалаа хадгалсан, Монголынхоо онцлогийг тооцсон, бас өнөө цаг үеийн шаардлагыг харгалзаж үзсэн байж болох, нэлээд зохистой гэж хэлэх хувилбар байна гэж харж байгаа. Энэ засаглалын тогтолцоо бол боломжийн хувилбарт байна гэж үзэж байгаа. Сэтгэл дундуур байдаг шалтгаан бол юмыг хавтгайруулан давлагаалуулсантай холбоотой. Бүх хорвоо ертөнц зөвхөн залуучуудын гарт багтана, бүх юмыг залуучууд хийнэ гэдэг зүйл бол ерөнхийдөө зарчим, хандлагын нь зөв чиглэл. Гэхдээ салбар бүр дээр, нийгмийн харилцаа болгон дээр өөр өөрийн онцлогтой. Шинжлэх ухаан технологийн салбар гэдэг бол өнөөдөр нэг залуу гарч ирээд эрдэм мэдлэгийг 3 жил, 5 жилийн дотор бүтээгээд бүхнийг шинэчлээд явчихдаг салбар биш. Энэ салбар бол шинжлэх ухааны олон салбарын өргөн цар хүрээтэй мэдлэгийг боловсрол, шинжлэх ухааны тодорхой системийн дагуу сурч эзэмшээд, туршлага дадлага олоод, наад зах нь 10 жил ноцолдож байж эрдэмтэн төрдөг. 10 жилийн статусгүй залуучууд эрдэм шинжилгээний байгууллагуудад орж ирээд жил болоод л бүгдийг өөрчилнө гэдэг бол энэ салбарт зохимжтой биш. Шинжлэх ухааны салбар бол угаасаа консерватив салбар. Эрдэмтэн хүнийг, эрдэм шинжилгээний ажилтныг жинхэнэ зохих ёсоор нь бэлтгэнэ гэдэг бол буддын сонгодог уламжлалд бол бараг 60-аад жил болдог. Дэлхий дахины ерөнхий жишгээр бол бакалавр, магистр, докторантур гээд доод тал нь 15 жил бэлтгэдэг. Тэрний дараа их шилдэг ажилтан байлаа гэхэд 3-4 жил ажиллаж байж тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдөх эрдэмтэн болно. Эрдэмтдийг эрдэмгүй хүн удирдаж болдоггүй.
Эрдэмтдийн засаглал, эрдмийн ертөнцөөс салангид байж болдоггүй. Өөрөөр хэлбэл, компанийн засаглал гэдэг ч юм уу, эсвэл улс төрийн засаглалтай адилхан гарч ирээд сүйхээтэй туршлагатай, сэргэлэн идэвхтэй дайчин хүн шинжлэх ухааны салбарыг тэр аргаар хийнэ гэвэл үүн шиг худлаа юм байхгүй. Тэр утгаараа засаглал удирдлагын тогтолцоог бизнесийн салбар дээр, үйлдвэрлэлийн салбар дээр, шинжлэх ухааны ертөнцөд, дээд боловсролын салбар дээр өөр өөрийн онцлог, үйл ажиллагааных нь мөн чанарт тохирсон, ажлынхаа шинж чанарт нийцэх тэр системийг харж явах ёстой. Манай өнөөдрийн шинжлэх ухаан, технологийн салбарын удирдлагын тогтолцоо тэрийгээ хангасан тогтолцоо. Мэдээж сайжруулах юм бий. Залуужуулах ч механизмууд нь бий. Тэр цэгүүдээ олж харж явж байгаа. Жишээ нь өнөөдөр ШУА-ийн хүрээлэнгүүдийн захирлууд бол үндсэндээ 70-80 хувь нь залуучууд гэж хэлэхээр болчихсон байгаа. Эрдэм шинжилгээний ажилтнуудын дундаж нас тэр хэмжээнд явж байгаа. Энэ утгаар нь одоогийн тогтолцоог оновчтой биш, уруу тогтолцоо гэж ойлгож болохгүй. Эх сурвалж ac.mn