Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын ТАСС агентлагийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусманд ярилцлага өгсөн байна. Тэрбээр ярилцлагадаа Орос, Монголын ард түмний найрамдлын хэтийн төлөв, ОХУ, БНХАУ-ын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд туслахад Монгол Улс бэлэн байгаа талаар ярьжээ.
Тэрбээр ярилцлагадаа “Аав минь жолооч хүн байсан. 40 гаруй жил жолоо мушгисан. Хүүхэд байхдаа би аавтайгаа хамт улс даяар маш олон удаа явдаг байсан. Холын замд жолооч нар дуу дуулна. Аав маань хэд хэдэн орос дуу мэддэг, байнга дуулдаг байсан. Тэгээд надад “Хүү минь, Оросын ард түмэн их сүр жавхлантай ард түмэн, монголчууд бидэнд их тусалж байна” гэж хэлдэг байлаа. Би тэр үед дөнгөж долоохон настай байсан бөгөөд оросуудын тухай ааваасаа анх удаа сонсож байсан юм.
Би эдгээр үгсийг одоо ч сэтгэлдээ хадгалсаар явдаг. Монгол-Оросын найрамдлын тухай яриа өрнөхөд би энэ түүхийг ярих дуртай. Аавын маань зөв байсныг манай хоёр орны харилцааны хөгжлийн 100 жилийн түүх харуулж байна” хэмээн ярьжээ.
Мөн түүнчлэн ярилцлагадаа ОХУ өмнө нь Монголын гадаад худалдааны эргэлтийн 80-90 хувийг хангадаг байсан бол өдгөө дөнгөж 10 орчим хувьтай байна. Мөн Монголоос Орос руу экспортлож буй бараа бүтээгдэхүүний хэмжээ манай улсаас экспортлож буй нийт барааны хоёрхон хувийг эзэлж байна гээд, энэ байдлыг аль аль талдаа мэдэж байгаа учраас түүнд зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бийг дурджээ.
Мөн тэрбээр Монгол Улс хөгжиж буй 32 орны нэг бөгөөд далайц гарцгүй ч хоёр хөршөө түшиглэсэн боломжоо ашиглан хөгжих бүрэн боломжтойг онцолсон байна.
Эх сурвалж: TASS