alim.mn | 2024.12.23
Эмчилгээний зардлын өр төлөхийн тулд “Баян айраг эксплорэйшн”-ийн хяналтын камерийг унтрааж алтны баяжмал хулгайлсан хэргээс ...

Энэ хэрэг хоёр жилийн өмнө тухайн үед Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян айраг эксплорэйшн” компаний алтны уурхайд гарсан агаад өдгөө шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна. Мөрдөн байцаалтаар алтны уурхайн гэрээт харуул хамгаалалтын ахлах, ахлах геологич, механик, баяжуулах үйлдвэрийн ахлах оператор, ХАБ-ын зохицуулагч, мэдээлэл технологийн ажилтан, камер хянагч ажилтай байсан Ц.С , Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нар нь бүлэглэн үйлдсэн гэж үзсэн.  Хулгайлсан алтыг мөнгөн дүнгээр 441 сая гэж тогтоосон. Хэрэг 9-р сард гарсан бол уурхайн удирдлага алт хулгайлагдсаныг  бараг сарын дараа тохиолдлоор мэджээ. Тухайн үед ажилчид зөөдөг шар автобусны жолооч жижиг ууттай зүйл авч гарах гээд шалган дээр баригдсан. Үүнээс үүдэн уурхайн дарга, гадаад мэргэжилтэн нар үйлдвэрийн хяналтын  камерийн бичлэгүүдийг нэгбүрчилэн шалгаад  9-р сарын 27-28-нд шилжих шөнийн 01 цагийн үед алтны өрөөний болон баяжуулах үйлдвэрийн хяналтын бүх камерууд 13 минут хүртэл хугацаанд унтарсаныг олж мэджээ. Ингээд дотоод шалгалт эхэлсэн. Камер унтрахаас өмнөх болон ажиллаж эхэлснээс хойших бичлэгүүдийг шүүж үзэхэд хатаах зууханд хийхээр бэлдсэн баяжмалаас нэг хэсэг нь байхгүй болсон, мөн контрол өрөө рүү хоёр хүн орж байгаагаас баяжуулах үйлдвэрийн М-Э, Б, Н нар болохыг таньжээ. Н-ыг өвөрмөц явдлаар нь,  Б-г байнга өмсдөг  малгайгаар нь таньж тогтоосон гэнэ. Ингээд дуудан ирүүлж асуухад эхэндээ хэргээ хүлээхгүй байсан ч сүүлдээ уйлан үнэнээ өчжээ. Болсон явдлыг бичиж өгөхийг шаардахад гар нь салгалаад чадахгүй байсан гэнэ. Ийнхүү алтны хулгайн хэрэг дэгджээ. Энэ хэргийг нэлээд эртнээс бэлдсэн аж. М.Б-гийн хүүхэд нь өвчтэй, эмчилгээний зардлын ихээхэн өрөнд оржээ. Ингээд үйлдвэрийн оператор Э, М-Э, мэдээллийн инженер Б нартай  ярилцаж тохирон үйлдвэрээс баяжмал авахаар болсон.  Гардан үйлдэгчдийг шөнөөр үйлдвэрт нэвтрэхэд мэдээллийн инженер  камеруудыг унтраасан. Тэр даруй Б,  М-Э нар алтны өрөө рүү орж баяжмалаас шанагаар тав удаа хутган 20 л-ийн тосны шар саваар хийж авчээ.  Ойролцоогоор 10 кг орчим татсан. Баяжмалаа аваад үйлдвэрийн аваарын гарцаар гарч  бойлерийн ар талын шугамын хаалт байрладаг пүүтгэнд оруулж  шуудайнд хийж нуужээ. Тэндээсээ “LV-013” машинаар зөөн дээжний хэсэгт хүргэсэн. Маргааш нь баяжмалаа аваад К-8 дамжуулах станцын хаалга гагнах ажлаар далимдуулан үйлдвэрийн бүсээс гарч Н-ын захиасаар ирэн хүлээж байсан цагаан өнгийн машинтай эмэгтэйд өгч хот руу явуулжээ. Хэд хоногийн дараа өөрсдөө араас нь очиж багаж худалдан аваад Чингэлтэйд байрлах зуслангийн байшинд баяжмалаа хайлуулж алтаа гаргаж авсанд гурван кг болжээ.  Урт цагаан хавиас нэлээд ажил болж худалдан авагч олон  алтаа 300 орчим сая төгрөгөөр заржээ.  Анхнаасаа мөнгөө тэнцүү хуувана гэж тохирсоны дагуу  хүн бүр 35 сая төгрөг авчээ. Хамгаалалтын ахлагч нь камер хянагч эхнэрийн хамт 70 сая төгрөг авсан гэнэ.  Тэд мөнгөөрөө байр худалдан авчээ. М.Б нь хүүхдийнхээ эмчилгээний зардлын өрөө төлжээ.  Бас нэг сонирхолтой явдал болсон нь ажилчид нь их хэмжээний алт зарсан тухай мэдээллийг “Баян айраг эксплорэйшн”-ий удирдлагуудад  10 сая төгрөгөөр зарах гэжээ. Өөрийгөө алт хулгайлагсдын нэгнийх нь найз гэж танилцуулсан Соёлоо гэх эмэгтэй “танайхаас  алт хулгайлаад зарсан байна, 10 сая төгрөг өгвөл нэрийг нь хэлнэ” гэжээ. Компанийнхан нэрсээс гадна хэнд зарсныг нь хэлбэл мөнгө өгье гэсэн ч ойлголцолд хүрэлгүй салжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ