alim.mn | 2024.12.22
436 метр урт хайсыг ашиглах боломжгүй болтол нь дайрчээ

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, хайс, хашлага, ногоон байгууламжийг сүйтгэх, эвдэж, гэмтээх явдал олонтоо тохиолддог. Автомашин барих үедээ хариуцлага алдах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зэргээс үүдэлтэйгээр замын хашлага, хайс төдийгүй таримал ургамал, мод, бут, сөөгийг их хэмжээгээр гэмтээдэг байна. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд энэ төрлийн зөрчил илүү нэмэгддэг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Явган зорчигчид  зуны улиралд зүлгэн дээр гишгэдэггүй хэр нь намар өвс хагдрахаас хавар ногоо цухуйх хүртэлх хугацаанд хаа дуртай газраараа явж, хөрсийг зүлэг ургах нөхцөлгүй болтол нь дагтаршуулж орхидог байна. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны мэргэжилтнүүдтэй ярилцлаа.

Ногоон байгууламжид учруулсан хохирлын 50 орчим хувийн эзэн, холбогдогчийг илрүүлдэг

УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, доктор Д.Сүхбат:

-Нийслэлийн ногоон байгууламж зуны улиралд гэмтэх нь бага байдаг. Харин арваннэгдүгээр сарын эхнээс хоёрдугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд нийслэлийн ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайд гэмтэл маш ихээр учруулдаг. Явган зорчигчид л гэхэд зуны урин дулаан цагт  зүлгэн дээр гишгэхгүй хэр нь өвөлдөө дуртай газраараа алхаж туучдаг. Ер нь автомашины осол аваараас үүдэлтэй гэмтэл зонхилдог. Тэр дундаа баяр ёслолын үеэр осол аваар нэмэгдэж, тэр хэрээр нийтийн эзэмшилд, ногоон байгууламжид их хэмжээний хохирол учруулах нь бий. Өнгөрсөн жилд л гэхэд 150 сая төгрөгийн хохирлыг ногоон байгууламж, нийтийн эзэмшилд учруулсан байна. 2021 он гарснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд 137 сая төгрөгийг хохирлыг барагдуулаад байгаа.

Ер нь нийт осол хэргийн 50 орчим хувийн эзэн, холбогдогчийг илрүүлж, хохирлыг барагдуулж байгаа. Үлдсэн тал хувь нь олддоггүй. Нийслэлийн хэмжээний ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайн тохижилтод тэрбумаар тоологдох хөрөнгө мөнгө зарцуулдаг. Гэтэл иргэд хайхрамжгүй, хэнэггүй байдлаасаа болж ногоон байгууламж, мод, бут, сөөгийг гэмтээчихээд нөхөн сэргээж, төлбөр, мөнгө өгдөггүй. Энэ нь эргээд нийслэлчүүдийн ая тухтай амьдралд сөргөөр нөлөөлөх төдийгүй нийтийн эзэмшлийг эвдэн сүйтгэж, хотын хувьд эдийн засгийн хор хохирол учруулж буй хэрэг юм.  

-Ногоон байгууламжийн үнэлгээг хэрхэн хийдэг вэ. Мод, бут, сөөг, ургамлан хашлагыг хэрхэн үнэлж, төлбөрийг барагдуулдаг вэ?

-2007 оны НИТХ-ын 18 дугаар тогтоолоор баталсан  “Ногоон байгууламжийн ашиглалт хамгаалалтын журам”-ыг баримталж, ногоон байгууламжийн үнэлгээг тогтоодог. Нэг ширхэг навчит модыг 487.500 төгрөгөөр, шилмүүст модыг 587.500 төгрөгөөр үнэлсэн байх жишээтэй. Дээрээс нь тухайн модны ургасан жил, тэр хугацаанд арчилгаанд зориулсан хөрөнгө мөнгийг нэмж тооцдог. Энэхүү үнэлгээ 2007 оноос өнөөг хүртэл мөрдөж байгаа учир шинэчлэх, эрх зүйн орчныг сайжруулах  шаардлага зайлшгүй тулгамдаж байна.

436 метр урт хайсыг ашиглах боломжгүй болтол нь дайрчээ

Нийтийн эзэмшлийн зам, талбай бол нийслэлчүүдийн өмч. Тэдгээрийг нийслэлийнхний төсөвт төвлөрүүлсэн хөрөнгөөр барьж байгуулж, арчилж хамгаалж байдаг. Гэтэл зарим иргэний хариуцлагагүй байдал болоод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос  болж нийтийн эзэмшлийн талбай, тэр дундаа авто замын хайс, хашлагыг эвдэж, нураах явдал олон гардаг. Хариуцлагагүй иргэний энэ үйлдлийг хэрхэн илрүүлж, хохирлыг барагдуулж чадаж байгаа эсэх талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн Авто зам, гүүрийн байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Оюунбилэгээс тодрууллаа.

-Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 94 мянган метр урт хайс байдаг. Үүнээс 500-600 метр хайсыг жил тутамд машинаар дайрч, гэмтээдэг гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 82 гэмт хэргийн улмаас 536 метр урт хайсыг дайрснаас 436 метрийг  нь огт ашиглах боломжгүй болтол дайрсан байх жишээтэй. Үлдсэн хайсыг сэргээгээд буцааж тавьсан. Авто замын хайс, хашлагыг  жолооч нар хариуцлагагүй байдлаасаа болж мөргөж, шүргэж эвддэг.  Шөнө оройн цагаар согтуугаар машин барьснаас хашлага эвддэг бол өдрийн цагаар нэг нь нөгөөгөө шахсан болон тоормосны гишгүүр доогуураа гар утас, ус, ундааны сав унагасан зэргээс болж хайс дайрах тохиолдол сүүлийн үед их гарч байна.

Тиймээс бид Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран ажиллаж, хайс, хашлага эвдсэн жолооч нарыг олж тогтоон, төлбөр төлүүлж байгаа. Хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн камержуулалт сайжирснаар нөхөн төлөлт нэмэгдэж байна. Хамгийн сүүлд л гэхэд Наадамчдын гудамжны  замын хойд тал, Яармаг худалдааны төвийн баруун талд “Торгонзүлэг” ХХК-ийн арчилгаанд хамаардаг талбай дээр нэг нарс, дөрвөн ширхэг тулаас, хоёр ширхэг ногоон шон, зургаан метр урт  тросс дайрсныг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, “Nissan Caravan” маркийн машины  эзэн холбогдогч болохыг олж тогтоосон. Хохирлын хувьд энэ жил 65 сая төгрөгийн хохирол учирснаас 63 саяыг нь барагдуулсан. Тээврийн цагдаагийн албаныхан маань эзэн холбогдогч тогтооход тусалж байгаа.

-Хайс, хашлагыг дотооддоо үйлдвэрлэж байгаа юу?

-Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлүүд хөгжиж, хайс, хашлагаа үйлдвэрлэж байгаа. Гадаадаас оруулж ирдэг нь ч бас бий байх. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын хувьд хайс, хашлагыг сэргээх, эвдэрснийг шинэчлэх ажлыг хариуцан ажилладаг. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ