alim.mn | 2024.12.27
Шадар сайд С.Амарсайханы "амбаар"

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хоёр хувийн байшинг нь асуусан сэтгүүлчид ярвайж байгаад “Аа нэг муу амбаар бий” гэдэг. Харин тэр хоёр амбаар нь дөрвөн ханатай гэртэй, модон жорлонтой иргэдэд ямархуу том шилтгээн, харш болохыг нь “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ харууллаа. 1990 оноос прокурор, 2000 оноос ХЗДХ-ийн сайд, УИХ-ын даргаар ажиллаж явсан Ц.Нямдоржийн энэ хос хаус улстөрчдийн амьдрах орон байрны нийтлэг жишиг.

Энэ шаргал ордон Шадар сайд С.Амарсайханы амьдардаг байр. Шадар сайд С.Амарсайхан 2008 онд НИТХ-ын гишүүнээр улс төрийн гараагаа эхэлсэн. Харин МАН 60 тэрбум, ЖДҮ бүлэг гэж толхилцсон үеэс НИТХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга гээд албан тушаалын шатаар дүүлж яваа хүн. НИТХ, Хотын дарга байхдаа үлдээсэн “өв” ч ихтэй. Агаарын дүүжин тээврийн 22 тэрбум, хүүхдийн сургуулийн автобус, хотын төв дэх усан оргилуурын 3.2 тэрбум гээд ард түмэнд ад болсон “бүтээн байгуулалт” бий. Зарим нь ч “гандирс”, зэрэглээ мэт үзэгддэггүй. Гэхдээ 2020 онд УИХ-ын гишүүн, Шадар сайд боллоо.

 Хүүхдийн сургуулийн төлбөрийн 22 мянган ам.доллар, эхнэр Ч.Ичинхорлоо нь улаан бүсэд ороод, ганцхан хоноод орчноо голж, УОК-ын шийдвэрийг уландаа гишгэн гарсан гээд ёс зүйн асуудлууд бий. Гэвч Ерөнхий сайдын, Хотын даргын хамгийн том шүдний өвчин болж, эв таарвал дараагийн "ЕС" болчих санаатай гэлцдэг.

Шадар сайд С.Амарсайхан улс төрд шинэ орж ирсэн мэт боловч төрсөн ах Сайнбуянгийн Отгонбаяр нь 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2006 онд Онцгой байдлын сайдаар ажиллаж байсан.  Онцгой байдлын 14 аврагч Сэлэнгийн Мандал сумын тайгад МИ 8 нисдэг тэрэгтэй осолдоход Онцгой байдлын сайдаар ажиллаж байсан. С.Амарсайханы төрсөн ах “Оюуны Ундраа”-гийн Отгонбаяр 2012-2014 онд Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхад зөвлөхөөр ажилласан. Наанаа Налайх дүүргийн унаган уурхайчны хүүхдүүд гэх ч цаанаа бол Увсын фракцид тун ойр байдаг гэр бүл. Онцгой байдлын сайд асан “Оюуны Ундраа”-гийн Отгонбаярын хүү нь цоо шинэхэн “Шарк” Тэнүүн. О.Тэнүүн экс ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хүргэн. Нэг ийм гэр бүл Монголын улс төрд ямар нэг хэмжээгээр гүн оролцоотой явж ирлээ, сүүлийн 20 жил...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ