alim.mn | 2025.01.06
Ц.Магалжав Бригадын генерал Б.Ууганбаярыг шүүхэд өгнө

МҮБХ-ны Тэргүүн Ц.Магалжав Бригадын генерал Б.Ууганбаярыг шүүхэд өгнө гэнэ. Энэ нь Монгол бахархлын өдөр буюу Чингэс хааны мэндэлсэн өдрийн бөхийн барилдааны маргаанаас эхлэлтэй аж. 

Барилдааны өмнө МҮБХ ба УОК-ын хооронд үл ойлголцлол байв уу?  Таныг бөхөө барилдуулахгүй гэсэн яриаг УОК-оос гаргасан мэдээлэлд дурдаж байсан. 

Би барилдааны дараа УОК-ын шуурхай штабын лайв гэдгийг бүрэн эхээр нь үзлээ. Харамсалтай байна. Энэ тухай  үнэн зөвөөр тодруулж тайлбар хийхээс аргагүй болж байх шиг байна.  Б.Ууганбаяр “Бөхийн холбоо барилдааны бэлтгэлээ хангаагүй учраас намайг өөрөө очиж бөхийн барилдаанаа цуцалъя”  гэсэн санал оруулсан мэтээр Тагнуулын Ерөнхий Газрын ажилтнаар миний яриаг зориуд бичүүлж аваад дараа нь тэр бичлэгээс 2 секундийн өөрт ашигтай хэсгийг тасдан аваад, түүнийгээ олон нийтэд шууд лайв хийж үзүүлэхдээ намайг “өөдөөс харж сууж ярьж тохирсон атлаа жудаггүй зан гаргалаа” гэж давхар гүтгэсэн нь төрийн албаны ажилтанд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл болсон. Шадар сайдад буруу мэдээлэл хүргэсний улмаас С.Амарсайхан сайд өөрийн цахим хуудсаараа миний талаар ташаа мэдээллийг яаран дамжуулсанд харамсаж байна. Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга хүн доод ажилтнаасаа үнэн бодит мэдээлэл авч байж дүгнэлтээ олон түмэнд түгээж байх учиртай, гэтэл Шадар сайд бөхийн холбооны тэргүүн “... бөхийн барилдааны бэлтгэлээ өөрөө хангаагүй тул хойшлуулах санал гаргасан...”  гээд худал мэдээлэл гаргасан. Зүй нь миний хэлсэн зүйлийг УОК-ын штабын дарга Б.Ууганбаяр тусгайлан бэлдүүлж  хийлгэсэн гэх тэр бичлэгийг ТЕГ-ын ажилтнаас авч бүрэн сонссон бол тэгж гоомой мэдээлэл яаран гаргахгүй байсан л даа.  Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр зарим иргэд лайв хийдэг үзэгдэл ихэд дэлгэрч. Үүнийг одоо УОК-ынхон даган дуурайж, үүндээ Төрийн албан тушаалыг урвуулан ашиглаж үндэслэлгүй гүтгэж байгаа нь тун таагүй байна. 

Б.Ууганбаярын хэлснээр “бөхийн холбоо барилдааны бэлтгэл ажлаа хангаагүй” гэдэг нь юу гэсэн үг вэ? Холбооны зүгээс  30 жил зохион байгуулаад ирсэн, бидний бүрэн чадах үндсэн ажил маань шүү дээ. Харин барилдах бөхчүүд ба үзэгчид вакцины хэдэн тун хийлгэсэн, шинжилгээ өгсөн байх эсэх талаарх ямар шийдвэр цаасан дээр байгаа, зарим шийдвэр бодит амьдралд огт авцалдахгүй байгааг би тэр уулзалт дээр хэлсэн. Вакцины 3-р тун, шинжилгээтэй холбоотой асуудал, гаргаж байгаа шийдвэрүүд нь дээр хэлсэнчлэн бодит байдалд хэрэгжүүлэхэд боломжгүй  зэрэг  асуудлууд нь УОК-ынхонд энэ барилдааныг явуулахад хүндрэл байсан байх. 

Иймд надаас тэд эхэлж “барилдааныг цуцалж болох уу”  гэж асуусан  би “болно...” гэтэл Б.Ууганбаяр, хотын менежер Т.Гантөмөр нар “...заа баярлалаа...”  гэж хоёул зэрэг хэлсэн. Энэ талаарх мөн уулзалтын үеийн бичлэг надад бас байгаа. Би үргэлжлүүлээд ярихдаа “барилдаан цуцлах мэдээллээ оруулахдаа  вакцины 3-р тун, шинжилгээтэй холбоотой асуудал нэгдсэн байр суурьт хүрээгүй гэж би ойлголоо, тиймд энэ тухай мэдээлэлдээ оруулж бичиж, үзэгч олноос уучлалт гуйна” гэж хэлсэн. Б.Ууганбаяр “хэн нэг рүүгээ бурууг чихээд яах вэ...” гэсэн. УОК-оос эргэж буцсан буруу шийдвэр олныг гаргадаг.  Дараа нь Бөхийн холбоо буруутан нь  болдог учир би хэлсэн ёсоороо л  мэдээлэл оруулсан.  Ингээд уулзалт нь тарах шиг болж би гарсан. Тэд хоорондоо юу ярилцаж үлдсэнийг мэдэхгүй. Удалгүй над руу танихгүй олон дугаар залгасан,  мөн дархан аварга Г.Өсөхбаярт ч тэд дарамт үзүүлсэн бололтой   “...мэдээллээ авчих гээд нөхдүүд яриад байна...”  гэж 2 удаа надтай ярьсан. Иймд би утсаа салгасан.

Хэсэг хугацааны дараа тэд лайв хийж миний яриаг тасдаад олон нийтэд тараан, маш ажил хэрэгчээр хандан сууж байсанг хараад ой гутан, Бөхийн өргөө дээр ирсэн сэтгүүлчдэд тайлбарыг өгсөн.

Манай холбооны мэдээллийн дараахан Шадар сайдын Ажлын албаны дарга Ц.Уртнасан надтай холбогдож “өглөө барилдааныг зохион байгуулах талаар уулзаж шийдвэрлэе” гэсэн. Нэг ч гэсэн төрийн албан хаагч ийм шуурхай хандаж байсан нь харин сайхан сэтгэгдэл төрүүлсэн.

Барилдааны өмнө Б.Ууганбаяр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, мэргэжлийн хяналтын ажилтан н.Алтантуяа, БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Болд нарын албан хаагчид бөхийн өргөөнд ирсэн. Тэдний хамт байсан манай холбооны ажлын албаны хүмүүсийн  дэргэд  би Б.Ууганбаярт хандан “...чи миний яриаг тасдаж улмаар жудаг ёсгүй хандлаа гэх мэтээр худал мэдээлэл олон нийтэд тараасан тул чамайг шүүхэд өгнө...”  гэж би хэлсэн, үүнийхээ дагуу Б.Ууганбаярыг  шүүхэд өгч байгаа. УОК-ын шуурхай штабын уулзалт дээр миний  ярианы бичлэгээс Б.Ууганбаяр өөрт ашигтай гэсэн 2 секундын яриаг тасдан авч зохион байгуулалттайгаар намайг гүтгэж олон нийтэд тараасан" гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ