
Жүжигчин Анжелина Жоли “Marvel"-ын ээлжит бүтээл “Eternals” ихээхэн амжилт олж, хамтран тоглосон солонгос жүжигчин олны анхаарлыг татаж байгаа билээ. Анжелина Жоли, 50 настай Ма Дон Сок нарын дотно тэврэлдсэн зураг сошиалд гарсан юм. Анжелина Жоли, Дон Сок нар “Eternals” кинон дээр ажиллахад ямар байсан талаараа ярьжээ.
Онлайн хэвлэлийн хурлын үеэр БНСУ-д боевик киноны од, Солонгосын ганц жинхэнэ эр хүн гэдгээрээ алдаршсан Ма Дон Сок “Eternals” кинонд хамтран тоглосон Анжелина Жоли, Сальма Хайек нарт их хайртай болсноо хэлээд “Зураг авалт эхлэхээс өмнө би бусад жүжигчидтэй ганц, хоёр удаа л уулзсан. Гэхдээ бид хурдан хугацаанд нэг гэр бүл болж, зураг авалтын үеэр сайн найзууд, гэр бүлийн гишүүд шиг нэг нэгэндээ анхаарал тавьсан. Энэ бол гайхалтай туршлага байлаа. Энэ бүхэн маань кинонд ч харагдана гэж бодож байна” гэжээ.
Ма Дон Сок Анжелина Жолигийн тухайд “Тэр бол ер бусын хүн, гайхалтай жүжигчин. Түүнчлэн тэр үнэхээр сайн хүн. Жоли бусдад маш анхааралтай хандаж, бусад жүжигчдэд тайван ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Би өөрөө энэ салбарт ажиллаад удаж байна. Харин Анжелина Жоли бол дэлхийн супер од. Гэхдээ надад бол бид нэг нэгнээ эртнээс мэддэг бөгөөд удаан хугацааны дараа нэг бүтээлд хамт тоглож байгаа найзууд шиг санагдсан. Анжелина Жоли надад “Чиний тоглосон бүтээлүүдийг үзсэн, тэр бүтээлүүдийг шүтэн биширдэг” гэж хэлсэн нь л надад хангалттай. Маш их талархаж байна” гэжээ.
