Өмнөговийн Засаг дарга Р.Сэддорж саяхан сургуулийн хүүхдийн үдийн хоолын чанарыг сайжруулахаар орон нутгийн төсвөөс 300 сая төгрөг гаргаж гал тогоог нь шинэчилж тогооч нарыг чадавхижуулсанаа бахархалтайгаар жиргэсэн. Тэгвэл өөрийгөө ч бас мартаагүй аж. Засаг даргатан нэгхэн сарын дотор “уулзалтын зардал болон заалны үйлчилгээ” нэрээр 18 орчим сая төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс гурван захирамжийг 9-р сарын 20-ны өдөр “бөөнджээ”. Үүнд А/1058 тоот захирамжаар 4,9 сая, А/1059 тоот захирамжаар 3,8 сая төгрөгийг гаргасан байна. Мөн өдөр А/1060 тоот захирамжийн 4,6 сая төгрөгнөөс “Засаг даргын уулзалт заалны үйлчилгээ”-нд зарцуулагджээ. Үүний араас 10-р сарын 5-нд ахин 4,9 сая төгрөг гарган шинэ сарын “уулзалтын” салхиа хагалсан. Бүхий л захирамжинд “Засаг даргын уулзалт, заалны үйлчилгээнд” гэж оржээ. Үүнээс үзэхэд Р.Сэддорж уулзалтанд ирсэн хүмүүсийг албан өрөөндөө бус тансаг зоогийн газар хүлээн авдаг бололтой. Хоосон хүлээж авахгүй нь ойлгомжтой тул зоогийн ширээг дүүртэл идээ будаа өрдөг гэж харагдахаар байна. Идээ будаа их тул бүрэн үйлчилгээ авдаг байх нь ... Ингээд л төсвийн сая сая төгрөг “Засаг даргын уулзалт болон заалны үйлчилгээ”-нд хэмээн үрэлгэн зарцуулагджээ. Албан өрөөнд аяга кофетой уулзах нь энэ Засаг даргатанд зохидоггүй биз ... Нүд дүүрэн махлаг царайнаас нь харахад хэзээний хоол унд сайтай явдаг, өөртөө арчаатай хүн аж. Өмнөговийн дарга нарыг хэзээний тансаг гэдэг. Аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа сонгогдонгуутаа л 257 сая төгрөгний өртөгтэй машин авна хэмээн шуугиулж байсан. Р.Сэддорж машин гэж намираагүй ч үнэтэй хоол ундаа,том заал, түргэн үйлчилгээнд гар татахгүй л явна.