Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир ам хэлтэй ч гэж жигтэйхэн. Х.Сугирыг нутаг орноо гэх сэтгэлтэй, "ажнай" нэртэй "нүүрсчидтэй" ам хэлээрээ ч, ажил хэргээрээ яс "үзэлцдэг" ганц хүн гэж магтуулдаг. Гэтэл магтсан хүн хуриман дээрээ... гэдэг болжээ. Залуусын баярын өдөр гэж албан бусаар хосууд тэмдэглэдэг 2-р сарын 14-ний өдрийн Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар ховор амьтнаа алах зөвшөөрөл олгож, мөнгө олох санаачлага хэлэлцжээ. Ардчилсан намын зүгээс ан амьтан агнахыг хориглох санал гаргасан боловч Х.Сугир, аймгийн БОАЖГ-ын дарга Пүрэвтулга нар эрс эсэргүүцэн төсөвт мөнгө оруулдаг тул агнуулах нь (хатуухан хэлбэл алах нь) зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Аргаль, янгир зэрэг говийн ховор зэрлэг амьтдыг устгаж агнах гэхээсээ илүү өсгөн үржүүлж, жуулчдыг татах, мөн гэрэл зурагчид амьтан судлаач сонирхогчдыг татах тал дээр түлхүү анхаарах шаардлагатай болж байна. Яг энэ агуулгаар асуудал хөндөж санал оруулсан боловч МАН-ын олонхи дэмжсэнгүйгээр үл барам эрс эсэргүүцжээ. Мөнгө л олж байвал экологийн тэнцвэр алдагдаж, говь нутгийн газар нутаг талхлагдаж байгаатай иргэд тэмцэж байгаа. Одоо харин ан амьтнаа агнуулахгүй байх тал дээр тэмцэх шаардлага тулгарчээ. Тоо толгой нь ховордож байгаа говь нутгийн ан амьтад, гадны анчин жуулчдын гараар орж, гадаадын аль нэг улс орны оффист чихмэл үзмэр болон үлдэхийг албан ёсоор баталгаажуулах уу?. Ирвэс хамгаалагч хүүгийн гэх ээдрээтэй хэрэг нэг тийм болоогүй байхад, Өмнөговь нутгийн удирдлагууд ховордсон ан амьтнаа "хороох" санаачлага гаргаж хэрэгжүүлэхээр улайрч байна.