Дэлхийд тэргүүлэх технологийн “Apple” компани Калифорни муж дахь нэрийн дэлгүүрүүдийнхээ ажилчдад нийт 29.9 сая ам.доллар төлөхөөр болжээ. Учир нь 2013 онд Калифорни дахь нийт 52 нэрийн дэлгүүрийн 14683 ажилчин тус компани мужийн хуулийн зөрчин аюулгүй байдлын үүднээс цүнхийг нь шалгасан гэж үзэн, цүнхээ шалгуулахад зарцуулсан цагийн мөнгийг төлөх ёстой хэмээн холбооны шүүхэд ханджээ.
“Apple” компанийн удирдлагын багийн зүгээс бүтээгдэхүүнээ хулгайд алдахаас сэргийлэх үүднээс ажилчдынхаа цүнхийг шалгах шаардлагатай байсан гэж тайлбарласан байна. Тохиролцоо ёсоор шүүхэд хамтын нэхэмжлэл гаргасан хүн бүр 1286 ам.доллар авах гэнэ. Анх 2015 онд шүүх тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ч 2020 онд есдүгээр тойргийн давж заалдах шатны шүүх “Apple” компани ажилчдаа цүнхээ шалгуулахад зарцуулсан цагийн мөнгийг нь төлөх ёстой гэж шийдвэрлэсэн байна.