alim.mn | 2024.12.23
Цагдаад хандив өгдөг “Хандгайн нуур” компанийн захирал согтуугаар жолоо барьсан зөрчлөө "аргалуулсан" хэргээс ...

Сэлэнгэ аймагт согтуугаар жолоо барьсан хэрэгт хуулийн дагуу арга хэмжээ аваагүй, жолоодох эрхийг хасаагүй, торгоогүй гэсэн хахуулийн хэрэг дэгдэж Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэсгийн ахлагч Р.М-Э, Мандал сумын хот тохижуулах газрын инженер Ц.Г, тус газрын жолооч Ж.Б нар холбогдоод байна. Энэ хэргийн үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон С.Тайванжаргал, С.Ширнэнбаатар, Ж.Нямдорж нарт хуулийн дагуу арга хэмжээ аваагүй, төрийн санд төвлөрөх 1,6 төгрөгийг төвлөрүүлээгүй нь бас илэрчээ. “Хандгайн нуур” компаний захирал Ж.Нямдорж нь согтуугаар жолоо барьж яваад Зүүн-Хараа орох замд замын цагдаад саатуулагджээ. Цагдаа зохих журмын дагуу бичиг баримтыг хурааж, машиныг журамласан. Гэсэн ч ямар нэгэн арга хэмжээ авахуулалгүйгээр машин болон бичиг баримтаа буцаан авчээ. Энэ тухай гэрч Б.Б нь “Тус цагдаагийн хэлтсийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн жижүүрийн рапортын бүртгэлд иргэн Нямдорж гэх согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн зөрчил бүртгэгдсэн байсан. Үүнийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж жагсаалтанд оруулсан. Гэтэл хэв журмын хэсгийн даргаар ажиллаж байсан ахмад О.М-Э өрөөндөө дуудаж “Хандгай нуур” ХХК-ний захирал Нямдоржийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тухай зөрчлийн мэдээллийг цагдаагийн нэгдсэн бүртгэлд оруулахгүй байх талаар үүрэг өгөхөд нь ямар учраас энэ хүний зөрчлийн мэдээллийг оруулахгүй байгаа юм бэ? гэхэд “энэ иргэн манай цагдаагийн хэлтсийн ахмадын зөвлөлд тусламж, дэмжлэг, хандив өгдөг хүн юм” гэж хэлэхэд нь би үүрийнхээ дагуу дээрх Нямдоржийн талаарх согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тухай мэдээллийг цагдаагийн нэгдсэн санд оруулсан гэдгээ хэлсэн. Хэд хоногийн дараа замын зохицуулагч, дэслэгч Б иргэн Нямдорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн оронд тээврийн хэрэгсэл эрхийн үнэмлэхгүй жолоодон зөрчил гаргасан Ганболд гэх иргэнийг 200,000 төгрөгөөр торгосон зөрчлийг оруулж, нэгдсэн сангийн мэдээллийг хаасан” гэж мэдүүлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ