Жүжигчин, дуучин, загварын чиг хандлагыг тогтоогч, 25 настай Зендая жинхэнэ инфлюенсер. Энэ онд хамгийн загварлаг оддыг тэргүүлсэн юм. 25 настай Зендая 2 настайгаасаа камерын өмнө гарч, өсвөр насандаа нэрд гарсан. Багадаа од болсон хүүхдүүд цаашаа карьераа амжилттай үргэлжлүүлэх нь ховор байдаг ч Зендая өнөөдрийг хүртэл загвар, дуучны тайз, кино урлагт амжилттай явна. Багаасаа олны танил болсон болохоор хүмүүс насандаа баймгүй, хөгшин хүн шиг зантай гэдэг аж. Тэрээр "Бүхэл бүтэн нэг үеийнхэн надад итгэж байгаад би баяртай байна. Тэд жаахан хүүхэд байхдаа л намайг дагаж эхэлсэн. Одоо бүр том болцгоосон. Над дээр ирээд “Таны Диснейн киног үзэж байхад би найман настай байсан. Одоо таны блокбастерыг үзэж байна” гэхэд би баярладаг" гэжээ.
Түүний аав ээж багш. Ээж нь цагаан, аав нь хар арьстай. Тэд одоо салжээ. Гэсэн ч тэдэнтэйгээ бат холбоотой байдаг аж. Аав нь буддист. Охиндоо бясалгал зааж өгсөн нь стрессийн үед их хэрэг болдог гэнэ. Аав ээж нь охиноо Лос-Анжелест пробд оруулах гэж ажлаа орхижээ. Тэр үед гэр бүл нь санхүүгийн хүндрэлтэй учирчээ. Зендая хоёр настайгаасаа эхлээд театрын орчинд өссөн. Диснейн шоунд оролцож, ганц рекламд тоглож эхлэхэд тэднийх Лос-Анжелест жижиг байр түрээсэлсэн. Одоо харин санхүүгийн эрх чөлөөнд хүрч, аав ээжээ өргөн асарч, харж хандаж явна.