alim.mn | 2024.12.22
Соёлын сайд Ч.Номин 2 сая доллар төлж Унгаруудаар кино хийлгэнэ гэнэ үү?

Соёлын сайдаар Ч.Номин гэж 38 настай эмэгтэй томилогдсон. Аав нь ХАА-г дэмжих санг "цөлмөсөн" хэмээн шүүмжлүүлдэг. Ер нь Ч.Номин сайндаа, мундагтаа биш, Монголын төр муудаа энэ эмэгтэйг Соёлын сайд болгон эрхлүүлж байгаа хэрэг. Төрийн сайд болсон бүсгүй амны алдаа бишгүй гаргасан. Саяхан тараасан төмс ногоон дээрээ "Соёлын сайд Ч.Номин" гэж бичээд шүүмжлэлд өртлөө. Төмс битгий хэл хонины гэдсээ 5-6 айлд түгээж хуваадаг соёлтой ард түмэн. Харин хэдэн бөөрөнхий төмсөн дээр Соёлын сайд Ч.Номин гэж бичснийг л иргэд өлгөж шүүмжилсэн, эр нөхөр нь ч буруушаасан байна лээ.

 Р.Эмүжингийн хэлснээр  "Ч.Номин бол Монгол дахь кастын системийг өөрөө ч ухамсарлахгүйгээр дэмжигчдийн хамгийн том төлөөлөл. Төрийн сайд хийхийг Тэрэлж сүйх амралтын газартаа гишүүд сайд нарыг цуглуулж, уулгаж идүүлж, найрлан назгайрах явдал гэж ойлгоод байж болохгүй". Саяхан Соёлын яамнаас батлуулсан Киноны тухай хуулинд гадны киночдыг илт дэмжсэн заалт шургуулсан. Одоо Унгаруудад 2 сая доллар төлж кино хийлгэнэ гэнэ үү. Энэ бол бараг 6 тэрбум төгрөг шүү дээ. Гэхдээ манай улстөрчид тэрбум төгрөгөөр торохгүй "тоглоод" сурчихсан. Тэрбум төгрөг зарцуулж бүтээсэн хөрөнгө оруулалт нь хүн үзэхэд "ичмээр дамшиг" байх нь олон.

Ч.Номин сайдын унгарчуудад өгөх гээд байгаа ийм хэмжээний мөнгөөр Монголчууд ямар л бол ямар кино хийчихнэ. Орон байраа ломбардад тавьж, голио шиг азаа үзэн кино хийдэг ч азаар хэдэн сайн найруулагчтай. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг дээ. "Аравт" киног найруулсан Д.Золбаяр, ах дүү Д.Жамъянсэнгээ, Д.Жамъянсүрэн, "Монгол кино" үйлдвэрээс "үлдсэн" ахмад найруулагчдад 5-6 тэрбум төгрөг өгвөл нэг киног хийнэ шүү, Ч.Номин сайд аа. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ