Супер модель Ирина Шейк, жүжигчин Брэдли Купер нар охиноо бодоод эргэн нийлж магадгүй гэж бичигдэж байна. Нью-Йоркийн төвөөр явган алхах дуртай Ирина Шейк энэ удаад экс сүйт залуу, охиныхоо эцэг Брэдли Купертэйгээ хамт зугаалж яваад гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.
Дөрвөн жил хамт амьдарч, Лея гэх охинтой болсон тэд 2019 онд салсан юм. Гэхдээ тэд дөрвөн настай охиноо ээлжлэн авч, сайн найзуудын харилцаатай байдаг билээ. Тэд тусдаа гурван жил амьдарсан ч хэн хэн нь өөр нэгэнтэй ойр дотно харилцаатай байгаагүй. Жүжигчин, супермодель хоёр заримдаа охинтойгоо хамт гурвуулаа хоолонд орж, охиныхоо баяруудаар хамт байх нь бий. Энэ удаад Ирина Шейк, Брэдли Купер хоёулхнаа зугаалжээ. Ирина экс сүйт залуугаа сугадан юм ярьж, инээлдэн алхсан нь тэднийг эргээд нийлсэн гэх мэдээлэл гарахад хүргэжээ. Тэд Брэдлигийн гэрийн ойролцоо алхаж явсан байна. Тэд мөн саяхан Хэллоуины баярыг хамтдаа тэмдэглэжээ.