outube сувгаар үзэгчдэд хүрдэг, Монголын хамгийн олон үзэгчтэй “Amaraa’s weekly” шоуны хөтлөгч, продессер Д.Амартүвшинтэй ярилцлаа. “Либерти Амараа” нэрээр олонд танигдсан энэ эрхэм Stand Up Comedy төрлийг Монголд анх оруулж ирсэн, “Мизес Монгол” ТББ-ыг үүсгэн байгуулагч, “Comedy Lab” хамтлагийн комедиан… гэх мэтчилэн олон “гуншин”-тай…
-Сүүлд хийсэн “Тэжээвэр Монгол” гэж лайв чинь нэлээд шуугиулах шиг болсон. Хавтгайруулсан халамжийн бодлогыг шүүмжилсэн. Сая болсон сонгуулиас хойш олон хүн энэ сэдвийг хөндлөө. Өөрөө ч нэлээд бухимдалтай харагдсан?
-Би өмнө нь ч гэсэн халамжийн эсрэг хөдөлгөөн хүртэл өрнүүлж байсан. 2008, 2009 оноос хойш энэ тухай ярьж байна. Хороо хориндоо өргөдөл хүртэл гаргаж үзсэн. Тухайн үед “Эрдэнийн хувь” билүү, 21000 төгрөгийг уул уурхайн орлогоос тараасан. “Би авмааргүй байна, үүний эсрэг байна” гээд өргөдлөө өгсөн чинь “Уучлаарай, авахгүй байж болохгүй” гэсэн. Сая бол манай Одко /твитерийн/ түрүүлж энэ асуудлаар дуугарсан. УИХ-ын 2-3 гишүүн энэ асуудлаар чуулган дээр үг хэлж байна лээ. Нэг аймгийн хүн амын 60 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж авдаг гэж ярьж байна.
-Баян-Өлгийн тухай ярьсан байх. Төрөөс олгодог бүх халамж, тэтгэмжийг алгасалгүй хүртдэг нь ганц аймаг гэх юм билээ…
-Ганц Баян-Өлгий ч биш. С.Эрдэнийг сайд байхад Баянгол дүүргийн иргэдийн гурван хүний нэг нь нийгмийн даатгалаас ямар нэг хэлбэрээр тэтгэмж авдаг тухай телевизээр ярьж л байсан. Ер нь монголчууд битүү халамж болчихлоо шүү дээ. Тиймээс л “Тэжээвэр Монгол” гэж нэрлэсэн.
-Манай УИХ-ын гишүүд сая гэнэт сонгуулийн дараа энэ асуудлаар сэрж, ухаан орсон нь гайхал төрүүлсэн л дээ. Уг нь бол хэвлэл мэдээллийнхний ч гэсэн бараг арван жил ярьж байгаа сэдэв. Тэгээд төсөв хүнд байгаа юм байна, халамжаа танах гэж байгаа юм болов уу гэж бодсон?
-Магадгүй, тэр ч нөлөөлсөн байх. Халамжийг өгөх маш амархан, буцаагаад танах нь хэцүү. Маш их эсэргүүцэлтэй тулгардаг. Хүүхдийн 100 мянгаа ч гэсэн болиосой, бидний өөрсдийн маань халааснаас гарч байгаа мөнгө шүү дээ. Дарга нарын халааснаас нэг ч төгрөг гарахгүй. Нэг бол өр тавина, үгүй бол мөнгө хэвлэж л тараана. Тийм учраас ямар ч шалтгаантай байсан халамжаа болиосой. Ядаж хүмүүс ажил хийдэг болно.
-Нөгөө талаар саяны сонгуулийн үр дүнд ч гэсэн энэ асуудал их нөлөөлсөн байх. Тэгээд гэнэт “яав, юу болов?” гээд бүгдээрээ л цочих шиг боллоо?
-Сая болсон орон нутгийн сонгуулиар хороод дээр “Хүнсний талоныг чинь өгөхөө болино шүү” гэдэг яриа маш олон газарт гарсан. Тэрүүгээр нь шантаажлаад, хүмүүсийг барьчихсан байдаг юм байна. 260 мянган хүн хүнсний талон авдаг гэдэг чинь манай хүн амын бараг 10 шахуу хувь биз дээ.
-Лайв явсны дараа үзэгчдээс хэр их реакци ирсэн бэ?
-Маш их реакцалсан. Олон ч хүн уурласан, бухимдсан. Хүмүүс хөдөлмөрлөхөө болиод, зүгээр л мөнгө аваад сууж байхыг боддог болчихож. Жишээ нь, манайх гэр бүлийн жижиг бизнестэй, олон жил болж байна. Өмнө нь зар тавихад хүмүүс өдөртөө хүрээд ирдэг байсан бол одоо ажил хийх хүн олдохгүй байна. Уг нь бол эдийн засаг хямралтай байгаа, олон бизнесүүд дампуурч байна. Ажилгүй болсон хүмүүс ажил хайгаад явж байх ёстой биз дээ. Юу бол юу хийе гээд явж байх ёстой. Гэтэл ажил хийх хүн олдохгүй байна.
-Саяхан твитрээр “Мужаан ажилд авна. Цалин 1,2 сая” гэж зарлаад “Ийм бага цалингаар хэн ажилладаг юм” гэж загнуулж байгаа харагдсан?
-Гэтэл манайд УИХ-ын гишүүний цалин 1,8 сая төгрөг шүү дээ. Хүмүүс бас ямар мужаан гэдгийг нь ойлгоогүй юм шиг байна лээ, туслах мужаан гэдгээ бичээгүй байсан, дараа нь залруулсан л даа. Нийгмийн дундаж цалин бол 900 мянган төгрөг л байгаа. Өдөржингөө, 10-12 цаг оффист суугаад дундаж цалин 900 мянга орчим.
-Халамж авдаг нь сая 700-800 мянга хүрчихсэн юм байна. Гэтэл албан ёсны хөдөлмөр эрхэлдэг буюу НДШ төлдөг нь ердөө 800, 900-хан мянга?
-Тэр 800 мянга дотор чинь төрийн албан хаагч нар орж байгаа. Тэгээд тооцохоор
-Баялаг бүтээгчид нь аргагүй цөөнх юм байна. Ийм байхад “халамжаа бууруулья” гээд хэн дэмжих юм бэ? Шийдвэрт нөлөөлөх ямар ч боломжгүй байна шүү дээ?
-Ерөнхийдөө сүйрэл рүүгээ явж байна аа л гэсэн үг. Энэ хэд нь тэгээд нэг л өдөр нураад унана. Яаж нэг хүн арван хүнийг чирч дийлэх юм бэ.
-Милтон Фридманы ишлэлийг чи профайл дээрээ тавьсан байсан. “Аймшигтай үрэлгэн байдал нь уул овоо шиг томорсон халамжийн хөтөлбөрийн гол зовлон биш юм аа. Илүү аймшигтай нь нийгмийн оршин тогтнох суурьт нөлөөлдөг. Гэр бүлийг сулруулж, ажил хийх, хуримтлал бий болгох, шинээр бүтээх сэдлийг багасгадаг” гэж…
-Фридманы энэ үгийг ярилцлагадаа заавал оруулаарай. Би халамжийг огт бүү өг гээгүй, гол нь зорилготой өг өө л гэж байгаа юм. Хүүхэд бүрийн 100 мянгаар яах гээд байгаа юм. Үр хүүхдээ тэжээх тэтгэх чинь хүний өөрийнх нь үүрэг. Хүүхэд төрүүлсэн бол хариуцлагаа үүрэх л ёстой биз дээ. Яагаад бусад хүмүүст хариуцлагаа үүрүүлээд байгаа юм. Үнэхээр ядуу зүдүү, хүүхэд нь хүнс тэжээлийн хомсдолтой байна аа гэвэл тэр хэсэгтээ л тусал. Хавтгайд нь мөнгө тарааж яах юм.
-Чи өөрөө ямар бизнес хийж байна?
-Комедигоо хийгээд, “Мизес Монгол” ТББ-аа авч явж байна. Хажуугаар нь гэр бүлийнхээ бизнест хааяа тусалж байна. Мужааны жижигхэн цех байгаа юм.
-Танай гэрт мужааны мэргэжилтэй хүн бий юу?
-Манай аав мужаан. Бүр социализмын үед Орост төгсч ирсэн, насаараа энэ ажлаа хийж байгаа. Би ч гэсэн энэ ажилд нь арван хэдэн жил туслаад, оролцоод явж байгаагийн хувьд мужааны цалин ямар байдгийг хүнээр заалгахгүй ш дээ. /инээв/
-Чи өөрөө 100 айлын хүүхэд үү?
-Үгүй, Дарь эхийнх. Дарь эх, Бага тойруу хоёрын дунд л өссөн дөө.
-Лайвын үеэр “Чи өөрөө ангалзахаас өөр ажил хийдэггүй байж” гэж зарим нь загнаад байгаа харагдсан. Комеди хийхийг бол манай зарим хүмүүс ажил, хөдөлмөр гэж ойлгохгүй байх шиг байна лээ шүү?
-Ямар нэг байдлаар үнэ цэнийг бүтээж байгаа хүн бүр ажил хийж байна гэсэн үг. Үнэ цэнийг юугаар хэмждэг вэ гэхээр хүмүүс тэр хүнд мөнгө төлж байна уу, үгүй гэдгээр л хэмжинэ. Хэрвээ хүмүүс мөнгө төлж байвал тэр хүн үнэ цэнийг бүтээж байна, хүмүүст хэрэгтэй зүйл хийж байна гэсэн. Хүн өөрийгөө “Би ёстой лаг юм хийж байна” гэж хичнээн ярьсан ч хэн ч түүнд мөнгө төлөхгүй бол үнэ цэнэтэй зүйл бүтээхгүй байна аа л гэсэн үг.
-Amaraa’s weekly шоу гараад хэр хугацаа өнгөрч байна?
-Бараг долоон сар болж байна. Долоо хоногт нэг дугаартай, 30 дугаар хийчихсэн гэхээр 210 хонож байгаа юм байна.
-Үзэгчийн тоо хэр нэмэгдсэн бэ?
-Долоо хоногтоо 70 мянган хүн хангалттай үзэж байна. Осоржамаатай дугаар гэхэд 260-270 мянга үзсэн. Фэйсбүүк рүү оруулаагүй, зөвхөн youtube хандалтаараа штээ.
-Үнэ цэнийг бүтээж чаджээ гэдгийг чинь би бас харсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуай танай нэг дугаарт орчихсон, онигоо энэ тэр яриад явж байсан?
-Ямар ч байсан хүмүүс анзаараад л байх шиг байна.
-Amaraa’s weekly шоуг яагаад хийх болсон юм бэ? Аль жанрт хамаарах вэ?
-News based comedy буюу мэдээн дээр суурилсан комеди төрөл. Гаднын орнуудад бол маш их хийдэг.
-Сонгуулиар аль намыг дэмжиж ажилласан бэ?
-Аль ч намыг дэмжээгүй. Хувь хүн дээр ажилласан. Үзэл бодол таардаг АН-ын нэг нэр дэвшигчийг дэмжсэн. Би өөрөө амьдралдаа пиар хийж үзээгүй хүн. Тэгээд “Пиарын талаар юу ч мэдэхгүй шүү. Гэхдээ ажиллаад үзье” гэсэн. Тэгээд манай хүн нэгээр гарсан ш тээ.
-Нийслэлчүүдийн өгсөн санал, хийсэн сонголт таалагдсан үү?
-Таалагдаагүй. Яаж таалагдах вэ дээ.
-Юунаас шалтгаалсан бол?
-АН-ынхны хувьд намынх нь нэр хүнд маш муу байна. Дээр нь сонгуулийн тогтолцоо ч нөлөөлсөн байх.
-Мажоритари сонгууль уу?
-Энэ бол мажоритари ч биш, пропорциональ ч биш, “плюралити” гэдэг тогтолцоо. Мажоритари сонгуульд нэр дэвшигч 50+1 саналаар сонгогддог. Плюралити бол хэн олон санал авсан нь хождог тийм тогтолцоо. Орон нутгийн сонгууль дээр бол хүн ам олонтой том улсууд хэрэглэдэг юм билээ. Парламентын сонгуульд бол огт хэрэглэдэггүй. Хэрэглэж байгаа орнууд нь дандаа ядуу буурай, улс төр нь тогтворгүй орнууд байдаг. Манай хууль тогтоогч нар сонгуулийнхаа тогтолцоог сайн судлаагүй учраас “мажоритари тогтолцоо” гэж буруу яриад яваад байна. Плюралити гэдэг тогтолцоо шүү.
-Халамжийнхаа сэдвийг цаашид яах гэж байна? Шийдвэр гаргахад бол бараг нөлөөлж чадахгүй юм байна гэдэг дүгнэлтэд түрүүн хүрчихлээ шүү дээ?
-Ядаж л миний эргэн тойрны хүмүүс “Бид тэжээврүүд юм байна, улсаараа тэжээвэр болсон юм байна” гэдгээ ойлгоод дараачийн сонгуульд оролцохдоо халамж амласан хүмүүсийг дугуйлахаа больчихоосой. Түүнээс биш улстөрчид бодлогоо өөрчлөөд, халамжаа зогсооно гэж бол би найдахгүй байна. Ядаж намайг дагадаг хүмүүс “Аа, энэ чинь буруу юм байна шүү” гээд ойлгоод авчих нь маш том амжилт.
-Нэг удаа лайв хийгээд ойлгох уу?
-Би энэ тухай 2008, 2009 оноос хойш байнга ярьж байгаа. Тэгж байж өнөөдөр миний лайвыг 40 мянган хүн үздэг болж байна. Маш олон хүмүүс дэмжсэн. Эсэргүүцэж байгаа хүмүүс бол коммент бичиж байгаа хүмүүсийн 20 хувь л юм билээ. Үлдсэн 80 хувь нь “үнэн ш тээ” л гэж байна.
-Нам бус хэвээрээ юу?
-Уг нь АН-д орно гэж боддог байсан чинь манай АН миний үзэл бодлоос шал өөр, эсрэг явчихлаа. Өөрийнхөө үзэл бодлын эсрэг явна гэж юу байх вэ. Сүүлдээ ч өөрсдөө нам байгуулья даа гэж бодоод л дууссан даа. Намд ороход чинь бас мөнгө төгрөг хэрэгтэй байдаг юм байна. Над шиг гуяа ганзгалсан амьтнаар яах вэ. Энэ хоёр намыг лав хүлээхгүй ээ. Өөрсдөө намаа байгуулна аа л гэж боддог штээ.
-Танай үеийн залуус улс төрийн ямар сонголт хийж байна?
-ХҮН руу л орж байх шиг байна доо. МАН-аас залхсан, АН-аас бас залхсан. ХҮН /Хөдөлмөрийн үндэсний нам/ бол надаас тас эсрэг үзэлтэй нам шүү дээ. Дэлхий дээрх Лебор намууд бүгд зүүний үзэлтэй. Би чинь өөрөө барууны үзэлтэй хүн. Өөрийнхөө үзлийн эсрэг нэртэй намд орж болохгүй биз дээ. Яах вэ, тэнд сайн боловсролтой, шинэ фэйсүүд байж болно. Тэглээ гээд миний үзэл бодол биш. Хэлбэр хөөж болохгүй биз дээ, гол нь агуулга.
-Тэгвэл либертари үзлээ яриад л явах нь ээ дээ?
-Либертари биш юм гэхэд ядаж консерватив…/инээгээд/ гэж боддог доо. Хүмүүсийн хандлага энэ тэр ч бас гайгүй болоод байгаа шүү.
-Хандлага өөрчлөгдөж болно. Гэхдээ шинэ нам байгууллаа гээд улс төрд гарч ирэх орон зай байна уу? Хүмүүс ч гэсэн улс төрийн намуудаас уйдсан, залхсан, итгэхээ больсон юм биш үү?
-Нам байгууллаа гээд заавал хүнд таалагдах албагүй шүү дээ. Сонгуульд оролцдоггүй ч улс төр хийх эрхтэй байх ёстой. Нам гэдэг нэртэй клуб байж болно биз дээ. Жишээ нь, Германы Пивочдын нам байна. Орон нутгийнхаа сонгуульд ороод, эвсэл энэ тэр байгуулаад явчихсан байдаг юм билээ. Зүгээр л пивочдын нам, нэр нь хүртэл ийм. Манайхан болохоор нам гэдгийг яг нэг большевик маягаар ойлгоод байдаг. “Төрийн эрхийг авах зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл” гэж үздэг. Нам гэдэг бол зүгээр л улс төрийн клуб. Сонгуульд оролцож болно, оролцохгүйгээр үзэл санаагаа түгээж ч болно. Улс төр хийх эрхтэй л байгууллага байхгүй юу.
-Тэгвэл их л сонирхолтой байна байх даа?
-Хөөрхөн юм болно оо. Сонгуульд оролцохоор бол ялахын төлөө гэхээсээ илүү үзэл санаагаа түгээхийн төлөө оролцоно. Энэ намуудын бодлого яагаад буруу вэ гэдэг дээр критик /дүн шинжилгээ/ хийх гэж оролддог тийм л нам байна.
-Тэгсэн чинь ялчихвал яана аа?
-Тэгвэл нээрээ баларсан юм болно шүү. /инээгээд/ Ялахгүйн төлөө л бүхнийг хийнэ дээ.
-Amaraa’s weekly шоу хэр амжилттай, орлоготой байна? Орлого олохгүйгээр оршин тогтнох боломжгүй шүү дээ?
-Ямар ч байсан хүмүүсийнхээ цалинг тавьдаг болсон. Эхний үед би дандаа өөрөөсөө мөнгө гаргаад явдаг байсан. Одоо бол хэдэн хүн цалинжуулчихтайгаа болсон. Гэхдээ надад орж ирж байгаа мөнгө бол одоохондоо байхгүй л дээ. Ямар ч байсан манай видеоны чанар маш их сайжирсэн. Оператор, монтажчингаа цалинжуулчихдаг, над дээр дарамт байхгүй болсон.
-Хурдан амжилтанд хүрсэн байна. Чамлахааргүй…
-Манайх чинь хөөрхөөн. Печень, шөл мөлний реклам л авна штээ. Тэр нь ч гоё. Улс төрийн юм их ярьдаг учраас том компаниуд бол жаахан айх маягтай. Тэр нь ч гоё. Олон жижиг бизнесүүд ингээд бие биенийгээ дэмжээд явж байгаа нь илүү эрүүл байгаа байхгүй юу.
-Монополиудад үйлчлэхгүй, жижиг бизнесүүдээ дэмжээд үү?
-Яаг зөв. Рекламныхаа орлогоор хөтөлбөрөө хийчихнэ, хүмүүсийнхээ цалинг тавьчихна. Тэр л хангалттай шүү дээ.
-Гэхдээ нэвтрүүлгийнхээ үзэлтийг нэмэгдүүлэх сонирхол байна уу? Хэд хүргэх боломжтой вэ?
-Ямар ч байсан манай шоу нийгэмд маш их хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тэр нь сайн. Би бол массын нэвтрүүлэг болгох сонирхолгүй байгаа. Массын нэвтрүүлэг болчихвол тэрэндээ таарсан л юм ярих ёстой болчихно. Илүү юм ойлгодог хүрээний хүмүүс үздэг, дундаж давхаргаа бас бариад авчихсан байхыг л хүсдэг.
-Тэр хэсгээ нэгмөсөн нураачихгүй, унтраачихгүй гэж үү?
-Яг тийм. Түнэр харанхуйг зүхэхийн өмнө нэг ч гэсэн лаа асаа гэдэг дээ. Нар гардаггүй юмаа гэхэд ядаж лаатайгаа байя даа.
-Сая чиний лайв явахтай давхцаад манай зарим сэтгүүлчдээс бас нэг “улс төрийн акци” шахуу юм явсан. Гэхдээ жижигхэн бага хүрээнд л дээ. “Зуд боллоо, мал өлслөө” гээд тойргийнх нь гишүүдийг олон нийтийн сүлжээгээр дуудаад дуудаад, загнаад явчихсан. Малд нь очиж өвс тавьж өгөх юм байх аа, тэд нар нь…
-Тийм зүйлийг дэмждэг иргэд байгаа учраас тийм юм явуулж байна л даа. Гол нь тэрийг нь хүлээж авдаггүй иргэдийг л бий болгох ёстой. Мал хувийн өмч шүү. Миний малыг маллаагүй шүү. Хонио нядалчихаад махаа үнэгүй өгдөггүй биз дээ гэдэг асуултыг тавьдаг л иргэдтэй болох ёстой. Одоо жишээ нь нийгмээрээ эсэргүүцээд ирэхээр янхантай сурвалжлага хийхээ больчихлоо шүү дээ. Түүн шиг л байхгүй юу.
-Малчид малаа хувьдаа авсан ч нэгдлийн сэтгэлгээнээсээ салаагүй юм байна. Хотынхон ч бас нэг малчны л хүүхэд юм байна л даа…
-Харин тийм сэтгэлгээнээс нь салгахын тулд л би энэ нэвтрүүлгийг долоо хоног болгон хийгээд, “төр гараа тат” энэ тэр гээд яриад байгаа шүү дээ. Зарим нь бүр “наадхаа ямар олон давтдаг юм” гэж загнана. Олон давтаж байж л хүмүүст хоногшуулна.
-Настай хүмүүс үздэг үү?
-Үзээд байна гэнэ ээ. Нэг хөөрхөн эмээ ярьсан. /инээгээд/ Гэхдээ би үүнд баярлах ёстой, үгүйгээ бас мэдэхгүй байна. Үнэхээр сонирхолтой болоод үзээд байна уу, эсвэл нэвтрүүлэг маань жаахан хуучинсаг болоод байна уу?
-ТВ-ээр яагаад цацдаггүй юм бэ? Тэгвэл илүү хүнд хүрэх биш үү?
-Телевизээр гаргахаар нэгдүгээрт цензур тавина гэж байна. ХХЗХ-ноос бас янз бүрийн шаардлага тавьдаг юм байна. Наад зах нь хараал ерөөл, этгээд үг хэллэг хэлж болохгүй ч гэдэг юм уу.
-Чи хараал хэлдэг гэж үү?
-Хэлнэ штээ, хэлэлгүй л яах вэ. Тэгээд телевизүүд нь “Та манай телевизээр гарвал манай даргатай холбоотой юм ярьж болохгүй шүү” гэж байна. Тэгэхээр яах ёстой вэ. Аягүй бол дарга нь хэдэн найзтай байгаа, найз нар нь бас найзтай байгаа.
-Комеди хэр амжилттай явж байна? Долоо хоногт хэдэн удаа тоглодог вэ?
-Сайн байгаа. Долоо хоногт таван удаа хийнэ. 150 хүний суудалтай, пиг үзэж байна. Хуучин хошин урлагийнхан жилдээ нэг тоглолт тавиад “Үзэгчдийн хүсэлтээр энэ сарыг дуустал” гэдэг байсан бол бид жилжингээ хийж байна. Долоо хоногийн таван өдөр. Долоо хоног болгон Монголд гоё үйл явдал болж байна. Тэр болгон чинь сэдэв болоод явж байна. Сая манай Амаржин маань бие даасан тоглолтоо хийсэн, пиг үзсэн. Дотор нь долоо, найман УИХ-ын гишүүн явж байх ч шиг. Сүүлийн үед УИХ-ын гишүүд “танай нэвтрүүлэгт ормоор байна” гэж залгадаг болсон. Хэн ч үздэггүй бол тэгж залгахгүй шүү дээ.
-УИХ-ын гишүүдийг нэвтрүүлгэндээ оруулах нь чамд ямар ашигтай юм бэ?
-Нэгдүгээрт миний нэвтрүүлгийн нэр хүнд өснө. Одоо youtube дээр байгаа монгол контентуудаас улстөрчдийг, УИХ-ын гишүүдийг оруулдэг нэг ч нэвтрүүлэг байхгүй. Хоёрдугаарт, би мэдээллээ шууд эх сурвалжаас нь авах боломжтой болно. Угаасаа л би тухайн долоо хоногийнхоо хамгийн том сенсаац болсон сэдвийг ярьж, шууд эх сурвалжтай нь уулздаг шүү дээ.
-Эх сурвалжтайгаа шууд ярилцдаг хэсэг сүүлд нэмэгдсэн байх аа. Нэвтрүүлгийн цаг ч гэсэн нэмэгдсэн санагдсан?
-Тэгсэн тэгсэн. Нэвтрүүлэг маань жаахан нэг хэвийн болох гээд ирэхээр илүү сонирхолтой болгохын тулд зочин урьдаг болсон. Гэхдээ зочны яриа бол маш богинохон. Элбэгдорж гуайтай жишээ нь наймхан минут л ярьсан. Хамгийн сүүлд гурван зочин оруулж ирээд 14 минут ярьсан байдаг юм. Нэвтрүүлгийн цаг бол 30 минут ш тээ.
-Осоржамаатай дугаарыг үзсэн. Сүнээг яагаад оруулаагүй юм? Бас л тухайн үедээ сенсааци байсан биз дээ?
-Осоржамаа тухайн долоо хоногт хүчирхийлэлд өртсөн, хүнд зодуулсан байсан учраас оруулсан. Сүнээгийн хувьд нэр холбогдсон асуудал нь улс төрийн гэхээсээ хувийн чанартай асуудал юм биш үү. Тэр хүний хэнтэйгээ явалдана, яана ийнэ надад ямар хамаа байна.
-Тэгвэл Бат-Эрдэнийг нь урих ёстой байж дээ?
-Бат-Эрдэнийн ч гэсэн бөгс бөөрний асуудал надад хамаагүй штээ. Хэнд ямар өгөөжтэй юм. Шар мэдээнд бол гоё л байх л даа. Осоржамаа яагаад орсон бэ гэхээр хүмүүст “Хүчирхийллээ боль. Гадуурхлаа боль” гэдэг мессэж өгөх л миний зорилго байсан. Тэр чинь бөгс бөөрний асуудлаас өөр биз дээ. Тийм болгоё гэсэн бол Осоржамаад би огт өөр асуулт тавих байсан байх. Миний нэг барьдаг шугам бий. Хүний хувийн амьдрал энэ тэр лүү орохыг сонирхдоггүй. Тэрийг хийдэг өөр жанр байгаа шүү дээ. Шар мэдээ…
-Шоугаа ганцаараа шоугаа хийхэд хэцүү биш үү?
-Ер нь бол хэцүү. Багтай болмоор байна. Нэгэнт 30 нэвтрүүлгийн ард гарчихсан болохоор аргаа олчихсон гэж болно. Гэхдээ улам л гоё болгомоор байна. Улам сайжруулмаар байна, улам л аймаар хүнд асуудлыг гаргаж тавимаар байна, хүмүүсийн изгаарыг хөдөлгөмөөр байна. Миний нэвтрүүлгээр гарчих вий гэдгээс айдаг болгомоор байна. Тэр л амжилт шүү дээ. Түүнээс биш “Энэ бацааны нэвтрүүлгээр гарсан ч яалаа, гараагүй ч яалаа” гэж боддог байвал нэвтрүүлэг маань сул байна аа л гэсэн үг. Тиймээс нэвтрүүлгээ улам чанаржуулах ёстой, улам олон хүн үздэг болох ёстой. Гэхдээ массаараа үздэг байж болохгүй. Илүү жаахан юм боддог хүмүүс нь илүү олуулаа үздэг болоосой л гэж бодож байна.
-Осоржамаагийн дугаарыг 260 мянга үзсэн гэлээ. Хамгийн их үзэгчтэй дугаар уу?
-Хамгийн их нь. Одоо бараг 300 мянга хүрч байгаа байх. Тэр хэрээр нэвтрүүлэг маань масс руу нэвчиж байна аа л гэсэн үг. Зах зээлээ л тэлэх гээд байна шүү дээ. Нөгөө хүмүүсээ бас нэг юм жаахан боддог болгох гээд. 60 мянган хүн боддог байсан бол 80 мянга болгоё. Гурван саяас ядаж 80 мянга нь үздэг, боддог болчихвол тийм ээ.
-Саяхан Со гавьяаттай ярилцахад Н.Хасар та хоёртой их ойр байдаг гэж ярьсан…
-Со ах бол маш тэрслүү үзэлтэй хүн шүү дээ. Тэрийг нь үе тэнгийнхэн хүлээж авдаггүй юм шиг байгаа юм. Тэгээд надтай адилхан тэрслүү нөхөд хаана байна гэсэн чинь мань хэд нь байж таардаг. Со ахтайгаа ойр ойрхон уулзаж, их юм ярина аа. Үзэл санаа л ярина даа, бас ном ярина.
-Айн Рэндээр өвчилсөн л хүн болсон байна лээ?
-Айн Рэндийн бүх романыг уншсан. Монголд хэн ч орчуулаагүй байхад бүх жүжгүүдийг нь орчуулаад, орчуулуулаад өөрөө найруулж тавьсан. Манай Со ах…
-“Мизес Монгол” ТББ энэ чиглэлийн номуудыг их орчуулдаг, зах зээлд гаргадаг. Эрэлт нь хэр их байдаг вэ?
-Манайх орчуулсан зургаан бүгд борлуулагдаад дууссан. Их олон хувь хэвлэдэггүй. Манай орчуулдаг номууд жаахан академик талдаа учраас 500-гаас илүү хувь хэвлэдэггүй. 500 хүн бол уншчихаад л байдаг юм билээ. Харин “Таторлитари дэглэмээс гажуудсан ардчилал руу” гэдэг номоо нэлээн олон хувь хэвлүүлсэн. Бүх аймгуудын номын сангууд, бүх улсын номын сангууд руу 10, 10-ыг явуулсан. МУИС-ийн номын санд гэхэд 20-ыг өгсөн.
-Уг нь ингээд харахаад манайд мэдлэг, мэдээлэл орж ирээд байх юм. Гэтэл нийгэм маань яагаад нэг л уруугаа яваад байна аа? Тэгж харагддаггүй юу?
-Үгүй штээ. Хүмүүс харин ч улам “лаг” болоод байгаа.
-Тийм үү?
-Миний эргэн тойрны хүмүүс бол улам л ухаантай, хэрсүү болоод байгаа. Масс ч гэсэн ялгаагүй. Ядаж л айл болгон Приус аваад уначихаж байна, машин ч болсон унаад сурчихлаа гэсэн үг. 2008 оны массаас өнөөдрийн масс хоёр шал болсон. Ядаж л айл болгонд интернэт орчихсон, коммент бичээд, “буудаж ал” гээд сууж байгаа биз дээ.
-“Буудаж ал” гэдэг чинь тэгээд дэвшил гэж үү?
-Тэр хүмүүс чинь ядаж л нийгмийн харилцаанд оролцох гээд байна шүү дээ. Фэйсбүүк ашиглаад байна. Хоёр, гурван жилийн дараа бол арай өөрөөр үзэл бодлоо илэрхийлдэг болно. Хүн ер нь алга урвуулахын дайтай хурдан өөрчлөгддөггүй юм байна. Бага багаар өөрчлөгддөг. Эхлээд фэйсбүүк хэрэглэдэг болно, дараа нь “буудаж ал” гэдэг болно. Дараа нь ядаж “хөөе, новш оо” гэж бичдэг болно. Дараа нь ядаж нэг аргумент гаргах гэж хичээдэг болно. Энэ чинь л хөгжил шүү дээ. Миний эргэн тойронд байгаа хүмүүс бол улам л сайжраад байгаа. 2008 онд либертари үзлийн тухай ярихад их л холын юм шиг санагддаг байлаа. Манайдаа хамгийн сайн нь Батчулуун багш л байлаа. Одоо гэтэл “Мизес Монгол”-ынхон маань либертари үзлээ дотор нь өчнөөн олон салаалуулаад, судлаад, эдийн засгийг нь барьж аваад дагнаад явчихсан байна. Либертари үзэлтнүүд дотроо ч манайхан гүнзгийрсэн шүү.
-Энэ бүхэн нийгмийн сүлжээний ашиг тус гэж үү?
-2011 онд жишээ нь хүмүүс нийгэмдээ хэр их хэлэлцүүлэг гаргаж тавьдаг байсан бэ. Зөвхөн сонин л гардаг байхад нийгмийн хэлэлцүүлэг яаж явдаг байсан, өнөөдөр гэтэл хэр ойр ойрхон өрнөж байна гэдгийг харьцуулаад үз. Хэлэлцүүлэг явж байна гэдэг чинь юмыг олон талаас нь хардаг болж байна гэсэн үг. Долоо хоногт 1-2 удаа тэр хэлэлцүүлэгт нийгмээрээ орж байна. Тэгэх тусам хүмүүс хэрсүүжиж байна. Өмнө нь сонин дээр гарсан нэг л байр суурийг “энэ л зөв юм байна” гэж итгэдэг, тэрийгээ ам дамжуулж ярьдаг байсан. Анхандаа соошл дээр тавьсан бүх юманд итгэдэг байсан бол одоо хэр баргийн юманд итгэхгүй, жижигхэн асуудлаар ч гэсэн заавал нэг аргумент гаргаж тавьдаг болсон байна. Энэ бол маш том дэвшил. Шүүмжлэлт сэтгэлгээ гэж ярьдаг даа, өөр өөрийнхөөрөө оюун дүгнэлт хийх чадвар нь нэмэгдээд л байна гэж болно. Нийгмийн энэ олон хэлэлцүүлгийн үр дүнд хүмүүс улам л рациональ болж байна. Энэ л гоё.
Магадгүй нэг нам давамгай болж байгаа энэ тэр нь хэцүү харагдаж л байгаа байх. Гэхдээ л бид хөгжсөөр байна. Хэрвээ 10 жилийн өмнө миний шоу гарсан бол хэн ч хүлээж авахгүй. Тавхан жилийн өмнө комедиг хүлээж авдаггүй л байсан шүү дэ. Гэтэл алалцсаар байгаад л гараад ирлээ. Соошл медиа үүнд маш их тусалсан.
-Ярилцсанд баярлалаа. Улам их амжилт хүсье!
-Баярлалаа.
Б.СЭМҮҮН