Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны аравдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.
Журамд заасан хугацаанд нэг бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан нэг бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгчээ.
Иймд 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байгааг МҮБХ-ноос мэдээллээ. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтоох юм байна.