Нийслэлийн нутаг дэвсгэрт 32 тэрбум төгрөг буюу 10 гаруй сая ам.долларын өртөгтэй бурхны хөшөө барихаар 2022 оны улсын төсөвт чимээгүй суулган, баталсан байна. Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр Шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий төвийг 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгөөр барина гэжээ.
Хачирхалтай нь, “Богд Зонхов” бурхны хөшөөг анх “5.5 тэрбум төгрөгөөр барихаар Засгийн газрын тогтоол 2021 онд батлагдаж, Соёлын сайд Ч.Номингийн багцад тусгагдаж” байжээ. Гэтэл төсөвт өртгийг нь нэмэгдүүлж 32 тэрбум гаруй төгрөг болон өөрчлөгдөж, 2022 оны улсын төсөвт сууж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байгаа юм.
Ямартай ч Тасганы овоон дээр 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий төвийг барих төсвийг УИХ-аар баталж, Соёлын сайд Ч.Номингийн багцыг дэмжсэн байна. Богд Зонхова нь шарын шашны үндэслэгч бөгөөд соён гийгүүлэгч. Харин нэгэнт бурхны хөшөө барихаар УИХ-аар шийдвэрлэсэн бол Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн Өндөр гэгээн Богд Занабазарын хөшөөг сүндэрлүүлж яагаад болохгүй гэж. Тэгээд ч алтан ургийн мах цусны тасархай, Монгол хүн шүү дээ.