Улстөрийн тавцанд гэнэт хүчтэй гарч ирсэн "Монголын Үндэсний фронт"-ын дотор мөн гэнэтийн өөрчлөлт гарчээ. Тус хөдөлгөөнөөс энэ сарын 8-ны өдөр "Эх орон дуудаж байна" жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан бол ердөө маргааш нь тэргүүн болох генерал Б.Баярмагнай нь фронтоос гарахаа мэдэгдсэн. Тэрээр өөрийн цахим хуудсандаа “ар гэрийн шалтгаанаар” хэмээн ерөнхий зовлон тоочсон бол мөн л гарсан хошууч генерал З.Болдбаатар "үзэл бодол нэгдэхгүй байна" гэх шалтгаанаар фронтоос гарч байгаагаа тайлбарласан. Удирдагч нар нь фронтоо орхин одсонд "Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний удирдах зөвлөл энэ сарын 11-нд яаралтай хуралдаж, Б.Баярмагнай, З.Болдбаатар нарыг хөөж шинэ тэргүүнээр тоймч Ш.Гантулгын сонгожээ. Фронтынхон орхин одсон хоёр генералаа урвагч хэмээн цолложээ. Шинээр сонгогдсон тэргүүн энэ сарын 15-нд зохион байгуулагдах жагсаалд “Улс орноо гэсэн сэтгэлтэй хэн бүхэн тэр жагсаалд ирээрэй" хэмээн уриаллаа.