Нийслэлд МХЕГ-ын стандарт гэж “балиар” зүйл байдаг талаар хотын дарга нь зарласан. Тэгвэл учрыг нь олж шүүсийг нь шахах ёстой газруудын тоонд хотын мэдлийн орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот гэх компаниуд орно. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” гэдэг энэ сонин компанийг 2013 онд НИТХ байгуулсан. Орон нутгийн хөрөнгө оруулалттай хаалттай хувьцаат компани гэж явдаг. Үүсгэн байгуулагч өмчлөгч нь НИТХ агаад компанийн зарласан хувьцааны тоо 50 мянган ширхэг, хувь нүүлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 50 сая төгрөг. “Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн стратеги, бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, зайлшгүй шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх” гэдэг уянгын халилтай эрхэм зорилготой. Тэрхүү зайлшгүй хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрд нь “нийслэлийн хөгжил, хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр гаргах үйл ажтллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн сэтгэл ханамжийн байдлыг тодохойлох” судалгааны ажил багтжээ. Энэ ажлыг хийлгэхээр тендер зарласан агаад төсөвт өртөг нь 280 сая төгрөг. Иргэдийн сэтгэл ханамжийг судалгааны мэдээлэл цуглуулах, ярилцлага хийх, нэгтгэх дүгнэх аргаар тодорхойлж тогтоох юм байх. Яасан ч өндөр зардалтай хийгддэг ярилцлага вэ гэсэн хардлага хамгийн түрүүнд төрж байна. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийг НИТХ байгуулсан тул ТУЗ-ийн даргаар нь Ж.Батбаясгалан заларчээ. НИТХ-ын дарга ТУЗ-ийг тэргүүлдэг тул зардал нь тун их. Өнгөрсөн онд л гэхэд ТУЗ-ийн дарга, гишүүдийн цалин, урамшуулалд 40 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна. Ж.Батбаясгалан ТУЗ даргалаад энэ компани олигтой ажилласангүй. Сүүлийн таван жилд 2,4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан боловч төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт тун хангалтгүй явсаар ирсэн. 2020 онд 450 сая төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн ч 13-хан сая төгрөгийн орлоготой суужээ. Тийн атлаа 280 сая төгрөгийн тендер зарлаад сууж байна. НИТХ-ын мэдэлд байдаг энэ компани үе үеийн НИТХ-ын удирдлагын “сэжиг” бүхий төсөл хөтөлбөрүүдийг “хэрэгжүүлдэг” байж магадгүй гэсэн хардлага явдаг. Түүний нэг нь судалгааны ажил гэхэд дэндүү өндөр өртөгтөй 280 сая төгрөгийн сэтгэл ханамж тодорхойлох тендер байж магадгүй. “Богд Зонхова” хөшөөний зардал 32 тэрбум төгрөг байсан нь хөшөөндөө хамгийн өндөр гэгдсэн. Тэгвэл “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийн ярицлага хийх 280 сая нь судалгааны ажлын тендер дундаа л “Богд Зонхова” аж.