alim.mn | 2024.12.26
У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурт живсэн бүх машин, техникийг 2024 он гэхэд татаж гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ “Сүхбаатар” хөлөг онгоцыг татаж гаргасан багийн төлөөлөлтэй уулзлаа.

Тэрбээр 16 метрийн гүнд байсан 309 тн жинтэй хөлөг онгоцыг тогтоосон хугацаанд осол авааргүй татаж гаргасан нийт хамт олонд талархал илэрхийлэв. Энэ бол 2024 он гэхэд нуурын ёроолд байгаа 60 орчим машин, техникийг татаж гаргах ажлын эхлэл гэдгийг тодотголоо.

Монгол Улсын Засгийн газар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор 2019, 2020 онд тогтоол гарган, шаардагдах санхүүжилтийг нь шийдвэрлэсэн юм.

1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, дээрх байгууллагуудын харьяа ангиуд, Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй хүн, 50 нэгж техник хэрэгслээр татан гаргажээ.

Онцгой байдлын байгууллагын 20 гаруй усчин аврагч гэхэд л хөлөг онгоцыг холбох, хөшүүрэг хийх, гүн хэмжих, битүүмжлэх зэргийг сар гаруй хугацаанд 100 удаагийн шумбалтаар гүйцэтгэсэн байна.

“Сүхбаатар” хөлөг онгоц 43.3 метр урт, 8.4 метр өргөн, 5.7 метр өндөртэй.  Онгоцон доторх усны жин 1176.51 тн, 195.5 тн шавар хуримтлагдсан байжээ. Онгоцноос 400 литр техникийн тос алдагдах аюултай байсан бөгөөд 100 литр шатахуун алдахад 1.1 км3 ус бохирдоно гэсэн тооцоолол гаргасан байна.

1954 онд ЗХУ-ын “Красный Сормов” үйлдвэрт үйлдвэрлэсэн энэ хөлөг онгоцоор баруун аймгуудын хэрэгцээт шатахуун, бусад бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг байжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ