alim.mn | 2024.12.26
Э.Бат-Үүл: У.Хүрэлсүх, Мадуро, Лукашенко шиг тэнэгтэж, амьтны хараал идэхгүй байлгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, Улсын баатар Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-АН дөрвөн сонгуульд ялагдал хүлээчлээ. Х.Баттулгын ялсан сонгуулийг оруулаад 5 удаагийн сонгууль болж байна. Сэтгэл санаа ямар байна?

-Ямар олиг байхав.

-Варварууд хотыг дахиад 4 жил удирдана… гэж бичсэн байсан. Сонгуулийн үр дүн нийслэлд ингэж гарна гэж тооцоолоогүй байх. Гэхдээ өөрөө яагаад сонгуульд оролцоогүй юм бэ?

-Залуучуудын цаг ирсэн гэж би сүүлийн 4 жил улиг болтол хэлсэн. Манай залуучуудыг нийслэл сонгоно гэж найдаж суулаа. Бүр, манай намын залуучуудыг дэмжихийг уриалсан уриалга ч сонгогчддоо явуулсан. Биеэр явж чадаагүй. Нуруугаа хугалчихсан байсан болохоор. Хий дэмий л телевизтэйгээ хэрэлдэж суулаа!

-Миний харахад намуудын, танай намын ч нэр дэвшигчид дандаа 30 гаруйхан насны залуус байсан. УИХ-ын сонгуульд ялчихсан намын хувьд бол “цадчихсан” байж болох ч АН-ыг ингэж сонгуульд оролцоно гэж огт бодоогүй?

-Харин ч залуусыг сонгогчид дэмжинэ гэж найдсан!

-2012 оны сонгуульд жишээ нь Д.Баттулга та хоёр намаа, сонгуулийн компаниа удирдаад орж байсан. Үр дүн ч өнөөдрийнхөөс эсрэгээрээ байсан. Саяны сонгуулиар намын лидерүүд хаачсан бэ?

-Би хэлээд байна шүү, залуучуудыг чадах ядахаараа дэмжиж суулаа. Нуруугаа хугалчихаагүй бол би ч гэсэн гэр хорооллоороо явах л байлаа.

-АН-ынхан Х.Баттулгатайгаа дайн зарлаад, “жоомоо алах гээд гэрээ шатаах”-ын үлгэр болж байгаа юм биш биз дээ?

-Х.Баттулгатай дайн зарлаагүй. Хүрэлсүхтэй нийлж ардчиллын эсрэг явж болохгүй шүү гэж би хувьдаа зөндөө шүүмжилсэн.

-Д.Сосорбарам гавьяат сүүлд өгсөн ярилцлагадаа “Х.Баттулгыг үзэн ядаж байна. АН-ыг адагт нь авчирлаа” гэсэн байсан. Та ч бас олон нийтлэлээ Х.Баттулгад хаягласан. Гэвч үнэндээ тэр бол нэг л хүн. Нам гэдэг бүхэл бүтэн институт. Яагаад бүхэл бүтэн намаараа ганц хүнд ялагддаг юм бэ?

-Миний бичсэн олон нийтлэл ардчиллаа хамгаалаач гэж Х.Баттулгад хаягласан. Ерөнхийлөгч болмогцоо ардчилалд хатуурхаад эхлэхээр нь  шүүмжилж бичсэн. Намайг ардчиллаараа шизоорсон хүн гэдгийг монголчууд бүгд мэднэ. Ардчилал руу дайрвал ах дүүтэйгээ ч би муудалцана. Сүүлийн үед Ерөнхийлөгч ардчилал руу хатуурхан дайрах нь буруу гэдгийг ойлгосон байж магадгүй шиг харагдах болсон.

-Уучлаарай, та бол ардчиллаар овоглосон 30 жилийн түүхэнд хамгийн их баалуулсан улстөрчийн нэг. Анд нөхрийнхөө үхэлд хүртэл буруутгагдаж явсан үе бий. Харамсдаг зүйл бий юу?

-Намайг айл ухдаг хулгайч, идсэн уусан, гадаадад хаустай, Зоригийгоо хөнөөсөн алуурчин, сүүлдээ Цогтсайханыгаа ч хөнөөсөн, хүүтэйгээ нийлж тендер завшсан, мөнгө угаасан гээд дайраагүй сэдэв байхгүй. Ад зэтгэр ч дааж дийлэхгүй муу муухайгаар намайг харлуулсан. МАН хүнийг “ардын дайсан” болгон гүтгэхдээ мэргэжлийн. Ийм гэдгийг нь  Их хэлмэгдүүлэлт нотлоод өгнө. Коммунистууд хүнийг ингэж занадаг юм. Би 30 жил сайн нэр дуулсангүй, хилсдэх аюулын ирмэг дээр явж ирсэн. Манай зарим радикалууд “МАН-ыг устгах ёстой” гэж байхад хэд хэдэн удаа өмгөөлсөн маань миний тэнэглэл байсан юм биш байгаа гэж сүүлийн үед бодогдох болсон. Зоригийг хөнөөсний дөнгөж дараа хилэгнэсэн олон түмэн МАН-ын цагаан байр руу дайрах гэж байхад нь би зогсоож л байлаа. Олон ч аюулаас МАН-ыг хамгаалсан. Хоёр их гүрний дунд орших монголчууд яавч хүчирхийлэлд хүрч болохгүй гэдэг зарчмыг ягштал барьдаг байлаа.

У.Хүрэлсүх, Бадамжунай нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх прокурорын хүсэлт илтэд хууль зөрчсөн байхыг хараад би тэднийг түдгэлзүүлэх саналыг хатуу эсэргүүцэн зогсоож байлаа. Хэдийгээр тэд миний “дайснууд” ч гэлээ шудрага шүүхээр шүүлгэх тэдний эрхийг улс төржүүлж яавч болохгүй гэсэн зарчим дээрээ зогссон.

-Одоо ч гэсэн тэр зарчим дээрээ байгаа юу?

-Тэгэлгүй яах вэ.

-Тэгвэл хамгийн том сургамж юунд байв?

-Ардын нам хэзээ ч ардчилсан итгэл үнэмшилтэй нам болж чадахгүй юм байна. Хоёр хөршийн командаар Монголд дарангуйлал тогтоох ажлыг МАН өлхөн хийх юм байна. Хүрэлсүхийг сайтар анзаарсан боловсролтой сэхээтнүүд түүнийг улам бүр Чойбалсанг санагдуулам хэнхэг болж буйг анзаарч байна. Хүрэлсүх Лукашенко, Мадуро шиг дарангуйлагч болох цаг улам ойртсоор байна даа. Өөрийнх нь ухаанд л найдахаас.

-Удахгүй АН-ын даргын сонгууль болно гэж байна. Та энэ сонгуульд хэнийг дэмжих вэ? Эсвэл өөрөө нэрээ дэвшүүлэх үү?

-Хэдийгээр манай намын залуучууд  улс төрд түүхий байгаад санаа зовж байгаа боловч тэдэндээ найдлага тавьсан хэвээрээ. Үнэт зүйлээ доромжлуулаад, дээрэлхүүлээд суудаг нам явж явж улс төрийн зах зээл дээр хэнд ч хэрэггүй зүйл болж хувирдгийг манай залуучууд ойлгох хэрэгтэй.

Сүүлдээ бүр “Байшинтай бол АН-ын дарга болж болно” гэсэн онигоо ч хүртэл гарсан байна лээ. Лу.Болд АН-ын дарга болох нь ээ гэж…?

-Үгүй байх аа. Лу.Болд одоохондоо манай намын гишүүн биш шүү дээ!

-АН сонгуульд ялагдсан. Х.Баттулга ч удахгүй ялагдах байх. Дараа нь яах вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялагдаж яагаад ч болохгүй.Тэгвэл МАН хоёр хөршийн нөлөөнд автаж дарангуйлал тогтоох эрсдэлтэй. Эрх чөлөөт Монгол байхгүй болно. Ахиад монголчууд 70 жил тоглоомын улс болж тоглуулна. Ардчилал байхгүй бол Монголын жинхэнэ тусгаар тогтнол байхгүй болно.

-2017 оны хавар болсон намын даргын сунгааг санаж байна. Таван хүн нэр дэвшихэд С.Эрдэнэ гэдэг хүн ганцаараа бүх намыг чинь худалдаж аваад намын дарга болчихож байсан. Тэр үеэс хойш юу өөрчлөгдсөн бэ?

-Эрдэнэ намын даргыг худалдаж аваагүй, сунгаанд хамгийн олон санал авсан учраас намын дарга болсон. Манай Эрдэнэ ардчиллаа хамгаалан, намынхаа үнэт зүйлийг хамгаалан МАН-тай гудамжинд гараад ч хамаагүй хатуу тэмцэх ёстой байсан юм. Тэмцэж манлайлж байж л сонгуульд ялах байсан. Ер нь МАН доогуур мөлхөх хорон муу аргандаа гаргуун. Харин АН босоо тэмцэлдээ эгнэшгүй юм шүү дээ. Үүийг Эрдэнэ сайн ойлгосонгүй. Ядаж л МАНАН гэдэг юмнаас хол явсан хүн байж үүнийгээ ч хүчтэй илэрхийлсэнгүй.

-Сая орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн сайхан сайхан залуучууд ярьж байсан. Нам маань ямар аймаар болчихсон юм бэ? Очсон газар болгонд намын гишүүд нь мөнгө нэхэж байна. Мөнгөгүй хүн улс төр хийнэ гэж байхгүй юм байна гэж. Яаж эндээс гарах вэ?

-Хүмүүсийг ядуурлаас гаргаж дундаж давхрагыг тэлэх хэрэгтэй. Тэгэж байж үүнээс сална.

-Эрх биш нам гэдэг нэг хүн биш, бүхэл бүтэн институц учраас нам нь байвал эргээд улс төрийн тавцанд гаргаж ирэх цаг үе, тийм менежер гарч ирэх л байх л даа. Тэр болтол хэр их цаг хугацааг туулах бол?

-Хоёр хөрш маань Монголын ардчиллыг нураахад МАН-ын дарга У.Хүрэлсүх хүчин зүтгэчихгүй бол 2024 онд манай нам ялна. Ерөнхий сайдын хувиар түүний ярьж, хийж байгааг хараад байхад Монголын эдийн засгийг яаж хорлох вэ л гээд байна.

-Энэ сард таны шүүх хурал болно. Танаас өмнө маш олон лидерүүд шоронгийн хаалга татлаа. Бас олон хүн үүнийг улс төрийн хэлмэгдүүлэлт гэж харж байна. Та жишээ нь шүүхэд итгэж байна уу?

-Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг бол гарцаагүй үнэн. Бүр маш зохион байгуулалттай хийсэн гээч. Шоронд хийх хүмүүсийн жагсаалт ч урьдчилж өгөгдсөн. М.Энхсайхан, С.Баяр, Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нар төрөөс үүрэгдэж өгсөн ажлыг хийснийхээ төлөө ялтан болсон. С.Баярцогтоос бүр хонзон авлаа шүү дээ. Өнгөрсөн зууны 20-оод онд Ерөнхий сайд агсан Бодоо, Данзан нарыг төрийн ажил хийснийх нь төлөө буруутган буудсанаар Их хэлмэгдүүлэлт эхэлсэн юм. Бараг зуун жилийн дараа тэр ёрын явдал эргэн ирж байна.

-М.Энхсайханыг баривчлахад та эсэргүүцэл илэрхийлж цуглаан зохион байгуулсан. Хэрвээ таныг хэзээ нэг өдөр баривчилахаар болвол хэн ирэх бол? Таны хүчээр газартайгаа, комбайнтайгаа үлдсэн Сэлэнгийн тракторчид, эсвэл хогноос нь, жорлонгоос нь салгах гэж хамгийн их тэмцсэн гэр хорооллынхон ирэх болов уу?

-Би нуруугаа хугалчихаад нөхдийнхөө төлөө сайн тэмцэж чадсангүй. Үнэндээ түүндээ багагүй шаналж явдаг. Нуруугаа эдгэхээр тэднийхээ төлөө тэмцэж, шудрага ёсыг нэхнэ. Миний төлөө манай партизанууд, гэр хорооллынхон, тракторчид ирж тэмцэнэ гэцгээдэг. Би л “боль” гээд ойртуулахгүй байгаа юм.

-Ингэж асуусан шалтгаан нь 30 жилийн өмнө юу ч үгүй байхдаа монголчууд эрх чөлөөнийхөө төлөө жагсдаг, нэгддэг байж. Одоо эрх чөлөөтэй ч, өмчтэй ч болсон хэрнээ түүнийхээ төлөө тэмцэх сэтгэлгүй, тийм хариуцлага ч үгүй болсон юм шиг.  

-Би үүнд хүмүүсийг буруутгахгүй байна. Ардчилал манай нийгмийн итгэл үнэмшил, соёл болж бүрэн чадаагүй байна гэсэн үг. Америкчууд, францчуудыг харахгүй юу. Хүний эрхэнд бүдүүлгээр халдахад бөөнөөрөө жагсаад гараад ирж байна.

-Шүүхээс ял аваад явсан хүмүүс бүгд Монголын төлөө цохилох зүрхтэй, хийсэн ч юмтай хүмүүс гэдэгт олон хүн итгэдэг. Таныг ч бас саяны сонгуулиар маш олон хүн “санан дурслаа”… гэдэг шиг юм болсон. Харамсалтай нь энэ ухаарал сонгуулийн дүнд нөлөөлсөнгүй. Хэрвээ та өөрөө нэр дэвшсэн бол байдал арай л өөр байх байсан болов уу?

-Болоогүй явдлыг тэгэх ингэх байсан гэж яриад яахав. Шүүхээс ял авсан хүмүүсийг улс төрөөс хол байлгах гэж л шоронд хийсэн шүү дээ. Сонгуульд нэр дэвшээд явж байхад нь хууль зөрчөөд шоронд хийсэн биз дээ.

-Таны холбогдсон хэргийг одоогоос бараг хоёр жилийн өмнө, 2019 оны нэгдүгэр сард шүүхэд шилжүүлсэн юм байна. Тэр үедээ 30-аад тэрбумын мөнгөн дүнтэй, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэж буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн юм байна. Яг ямар учиртай хэрэг юм бэ? 

-АТГ, прокурорын зүгээс шүүх хурлын өмнө хүмүүсийн тархи угаах ил далд ажил маш хийдэг болсон. Тэгээд хүмүүс шүүхээс өмнө манийг гэмт хэрэгтэн гээд бодчихно. Хажуугаар нь ардчиллынхны мууд дуртай гэж ухаангүй дайснууд зөндөө. Гэтэл биднийг болохоор шүүх хурал хүртэл энэ талаар үг хэлэхийг хориглочихсон байдаг. Тиймээс л би шүүх хурлыг нээлтэй явуулахыг шаардаж байгаа. Чи тэр шүүх хурал дээр очиж наад асуултынхаа хариуг авсан нь дээр байхаа. Энхсайханыг шүүх хурлаас өмнө олон түмэн рүү хандан твиттер бичлээ гээд цагдан хорьсныг санаж байгаа биз дээ!

Тийм ээ, санаж байна. Тэгвэл анхны шүүх хурлаас хойш хэргийн зүйлчлэл болоод мөнгөн дүнд өөрчлөлт орсон зүйл бий юу?

-Миний хүү бид хоёроос ямар ч байцаалт авалгүйгээр Терроризмтой тэмцэх хуульд заасан “мөнгө угаасан” хэрэгт яллагдагчаар татсан.

-М.Энхсайхан дарга, С.Баяр Ерөнхий сайдад ч гэсэн анх эрүү үүсгэсэн хэргээс нь огт өөр зүйл ангиар яллаад явчихсан болохоор ингэж асууж байна л даа...

-Харин тийм! Тийм учраас шүүхийн шийдвэрийг урьдчилан таах ямар ч боломжгүй.

-Таны хэрэгт ЗДТГ-ын дарга асан Гэрэлчулуун, ТОСК-ийн Гантулга, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ганхуяг гээд нэлээд олон албан тушаалтан холбогдсон. Дээр нь таны хүү Чулуудай явж байгаа. Ингэхэд та хаана нь алдаа гаргачихав аа? Яагаад хамтран зүтгэгчдээ, тэр байтугай төрсөн хүүгээ хөлдөө чирэхэд хүрэв гэж бодож байсан уу?

-Би хөлдөө чирсэн юм биш. Шудрага шүүхээр би ямар ч гэм буруугүй гэдгээ нотолж чадна. АТГ, прокурорын зүгээс алхам тутамдаа хууль зөрчин байж санаатайгаар, намайг хэрэгт холбогдуулахын тулд миний дор ажиллаж байсан баахан гэм буруугүй хүмүүс, хүүг маань хүртэл хэрэгт татсан. Надаас болж гэм зэмгүй хүмүүсийг хилсдүүлэх вий л гэж санаа минь их зовж байна.

-Шүүх хурал олон удаа хойшилсон шалтгаан юунд байсан бэ? Нэгэнт захиалгатай хэрэг юм бол шүүх яагаад ялаа өгчихгүй, хэрэг биш юм бол хэрэгсэхгүй болгож чадахгүй өдий хүрэв?

-Дахиад хэлье. Наад асуултаа надаас биш шүүхээс асуу.

-Сүүлдээ би хүртэл бодсон л дооөөр хүмүүс ч бас тэгж бодож байж магадгүй. Аргагүй Ерөнхийлөгчтэй найз учраас, өөрт нь гэм зэм хийгээгүй учраас шуудхан явуулчихаж чадахгүй байгаа юм болов уу? гэж. Гэтэл та бараг өдөр болгон нийтлэлээрээ Х.Баттулгыг өдөх юм…

-Би Ерөнхийлөгчийг ардчиллаа хамгаалаасай л гэж өддөг юм. Тэр Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй. Шүүх яасан тухай асуултыг бол шүүхээс л асуу.

-Сонгуулийн үеэр та Сэлэнгэд байсан гэсэн. Орон нутгийн хүмүүс ямархуу ая зантай байх юм?

-Манай Зүүнбүрэн суманд манай нам үнэмлэхүй ялалт байгуулсан.

Саяын сонгуулиар АН хөдөөд найман аймагт ялалт байгуулсан ч хотод ганцхан дүүрэгтэй үлдлээ. Өнгө яагаад ингэж өөрчлөгдөв өө?

-Манай намын найман аймаг дахь ялалтыг Ерөнхий сайд Хүрэлсүх булааж авах гэж байна даа, цаана чинь. Аймгийн Засаг дарга нарыг иргэдийн хурлаас биш, Ерөнхий сайд санал болгодог хууль УИХ-аар батлуулах гээд гүйж байна.

-АН-ын дараачийн үе намаа бараг “0”-ээс эхэлж босгохоор цаг үе ирж байх шиг байна. Олон удаагийн сонгуулийг харж байхад АН удирдлагуудаасаа болж унаж, босч байсан. Харин МАН-д хэн удирдагч байх нь хамаагүй, институц нь бол тогтвортой юм байна гэдгийг бид харлаа. Тэгэхээр АН институц болоход юу хэрэгтэй вэ?

-Үнэт зүйлийнхээ төлөө хатуу тэмцэж сурах хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцвэл сэтгүүлчид дэмжинэ, хувийн өмчийн эрхийг хамгаалан тэмцвэл бизнесийхэн дэмжинэ, шүүхийн хараат бус байдлын төлөө тэмцвэл хуулийнхан дэмжинэ, гэр хорооллын төлөө тэмцвэл гэр хорооллынхон дэмжинэ, орон нутгийн эрх мэдлийн төлөө тэмцвэл орон нутаг дэмжинэ. Улс төрийн нам улс төрийн зах зээл дээр эрэлттэй байж л инститүц болж чадна. Хэнд хэрэгтэй нь мэдэгдэхгүй бол дампуурна. Одоогоор манай нам хэнд хэрэгтэй нам болох нь мэдэгдэхгүй байна.

-Улс төрд дахин хуваарилалт хийгдэх цаг ирлээ… гэж бид бараг сүүлийн 10 жил ярьж, бичсэн байх. АН АН шиг, МАН МАН шиг байх, өөр өөрийнхөө үзэл санаан дээр зогсох тухай. Үүнд хэр их хугацаа орох юм бол?

-Сая би наадахыг чинь л хэллээ. Одоо манай нам үнэт зүйлээ хамгаалан тэмцэх ажлаа хийж, хэнд ямар учраас хэрэгтэйг ойлгуулж чадвал дороо босоод ирнэ. Ардчиллын эсрэг ихдээ л 40 хувь байлаа гэхэд үлдсэн 60 хувь нь  МАН-ыг эсэргүүцэж байгаа. У.Хүрэлсүхийн Чойбалсан болох мөрөөдлийг хоёр хөрш маань ил далд дэмжчихгүй бол АН 2024 онд ялах нь эргэлзээгүй. Хүрэлсүх Чойбалсан мэт боллоо ч монголчууд үсрээд л таван жилийн дараа гэхэд нийтээрээ түүний эсрэг босно. Таван жилээс илүү хугацаанд дарангуйлал, түүнээс улбаалсан эдийн засгийн нуралтыг монголчууд тэсэж чадахгүй. Хорин нэгдүгээр зууны Монголд МАН-ын дарга У.Хүрэлсүх Мадуро, Лукашенко шиг тэнэгтэж амьтны хараал идэхгүй байлгүй. Тэр хоёрыг ард түмэн нь үзэхгүй байна шүү дээ.

Ярилцсанд баярлалаа.

Б.СЭМҮҮН 2020.10.30 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
202.126.88.173
Батүүл коммунистууд гэж ярих юм.Батүүлийн төрсөн эцэг Эрдэнэ гуай нь коммунист байсан.Аавыгаа ад үздэг тэнэг Батүүл.
Зочин
3 жилийн өмнө
202.126.88.173
Батүүл коммунистууд гэж ярих юм.Батүүлийн төрсөн эцэг Эрдэнэ гуай нь коммунист байсан.Аавыгаа ад үздэг тэнэг Батүүл.
МАЖЫ
3 жилийн өмнө
66.181.167.254
БАТҮҮЛЫН АД ҮЗЭЭД ХҮМҮҮС БАТҮҮЛ ШИГ АВГАЙ ХҮҮХЭДТЭЙГЭЭ НИЙЛЭЭД УЛСААСАА ХУЛГАЙ ХИЙХГҮЙ БАЙХ.
Төстэй мэдээ