alim.mn | 2024.12.26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шилдэг 4 бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг 4 бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

Олон жилийн нөр их хөдөлмөр, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд түүхэн сурвалж, хөлгөн судар, эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилд тулгуурлан “Чингис хааны ёс суртахуун – Эрх зүйн шастир”, “Монгол ёс суртахуун: Бадрал, уналт, эргэн сэргээлт”, “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд” хэмээх гурван боть болон “Ёс суртахууны цагаан толгой” хэмээх монголчуудын ёс суртахууны үнэт уламжлал, үнэ цэн, уналт сэргэлт, монгол хүний удирдлага болгох учиртай ёс суртахууны хэм хэмжээг нэгтгэн дүгнэж, улс орны тогтвортой хөгжлийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тодотгон, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд монголчуудын оруулсан үнэтэй хувь нэмрийг бодит эх баримтад түшиглэн тайлбарласан гарамгай бүтээл туурвисан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн Эмерит профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл,

Дэлхийн сонгодог уран зохиолын шилдэг бүтээлүүдийг утга санаа, хэл найруулга, дүр дүрслэлийн сонгодог чанарыг алдагдуулалгүйгээр монгол хэлнээ буулгаж, орчуулагчийн арга барил, уран чадвар, чанар чансаагаараа утга зохиолын орчуулгын тасалдлыг нөхөн, утга зохиолын орчуулгын салбарт жинтэй хувь нэмэр оруулж байгаа, алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвүүд”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа” романыг монгол хэлнээ сонгодог хэлбэрийг нь хадгалан утга төгөлдөр хөрвүүлснийг нь үнэлж Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дуун хөрвүүлэгч Цэрэнпилийн Гомбосүрэн,

Гүн ухааны шинэ сэтгэлгээ, уран бүтээлчийн эрэл хайгуул, арга барил, содон хэлбэр, агуулга, авьяас билгээрээ дүрслэх урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан, бүтээлүүдээрээ дамжуулж түүх, соёл, өв уламжлалаа дэлхийд сурталчлан таниулсан, “Их хүлгэн туульс”, “Цагаан шонхор”, “Аргусан хуурчийн тууль”, “Цаст уулын цадиг”, “Хотгойдын Шадар ван Чингүнжавын морьт хөшөө цогцолбор” зэрэг дахин давтагдашгүй бүтээл туурвисан Шүнгээгийн Тэнгисболд,

Мэс заслын салбарт техник, технологи, инновац нэвтрүүлж, эмчилгээний аргыг шинэчлэн, зүрх, судас, элэг, уушги, нойр булчирхай, цөс, улаан хоолой, ходоод, гэдэсний болон үе мөчний өвчний мэс заслын техник, технологийг боловсронгуй болгож, хагалгааны иж бүрдэл багаж зохион эмчилгээнд нэвтрүүлсэн, анагаах ухааны хөгжил, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч нарын багийн ахлагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, зүрхний мэс засалч Начингийн Баасанжав, багийн гишүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэс заслын багш Гүнсэнцоодолын Баяраа, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Бямбаагийн Алтангэрэл, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Цогтын Лочин нарт “Мэс заслын техник, технологи, хагалгааны багажуудыг санаачлан бүтээж практикт нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээр нь Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Төрт ёсны түүхт тэгш олон ой давхацсан онцгой жил оюун ухаан, авьяас билгээрээ манлайлж, шилдэг бүтээлээрээ онцгойрон шалгарсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөв.

Бүгд найрамдах Улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан шинжлэх ухаан, техник, технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг оюуны бүтээлийг шалгаруулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Төрийн шагнал гардуулдаг уламжлалтай юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ