Гурван хүний аминд хүрсэн гэх хийгээгүй хэргийнхээ төлөө 42 жил шоронд хоригдсон америк эрд 1,5 сая долларыг интернэтээр дамжуулан цуглуулсан байна. 61 нас хүрч буй Кевин Стриклэнд Миссури мужийн шоронгоос суллагджээ.
Стриклэнд 1979 онд 18 настай байхдаа бүх насаар хорих ял сонсжээ. 2021 оны зургаадугаар сард Жексон дүүргийн прокурор Жин Питерс Бейкер нотлох баримт хангалтгүй байсан тул шүүхээс түүний хэргийг хянан үзэхийг хүссэн байна. Стриклэнд тус мужийн түүхэн дэх хамгийн удаан хугацаанд хилс хэргээр шийтгүүлэн шоронд хоригдсон хүн болжээ. Гэвч мужийн хууль тогтоомжийн дагуу Стриклэндийн хэрэг шиг гэрчийн мэдүүлэг биш харин ДНХ-ийн шинжилгээгээр цагаатгасан тохиолдолд л нөхөн олговор олгохыг зөвшөөрдөг байна. Тиймээс Стриклэндийн өмгөөлөгч түүнийг шоронгоос суллагдсаны дараа туслах зорилгоор хандивын аян явуулахаар шийджээ. Энэ аянд 27 мянга гаруй хүн нэгдсэн байна.
Уг түүхийг сөхвөл
1978 оны дөрөвдүгээр сарын 25-нд дөрвөн этгээд орон сууцанд нэвтэрч, 22 настай Шерри Блэк, 22 настай Ларри Инграм, 20 настай Жон Уолкер гэсэн гурван залууг буудан хороожээ. Халдлагын дөрөв дэх хохирогч 20 настай Синтия Дуглас амиа алдсан дүр эсгэж үхлээс мултарч чадсан байна. Синтия Дугласын эгчийнх нь найз залуу мөрдөн байцаагчдад уг хэрэгт Кевин Стриклэнд холбоотой байж магадгүй гэж хэлсний дараа тэрээр цагдаа нарын анхаарлын төвд орсон байна.
Синтия Дугласт харуулсан сэжигтнүүд дундаас Синтия Стриклэндийг сэжигтнээр сонгожээ. Гэвч хожим Синтия Дуглас цагдаа нар түүнийг дарамталж байсан гэж мэдүүлсэн байна. Стриклэнд өөрөө халдлага болох үед гэртээ зурагт үзэж байсан гэж цагдаад мэдэгджээ. Түүнтэй холбоотой эд мөрийн баримт олдоогүй аж.