“Эхнэрийн заавраар” гэдэг шиг хүүгийнхээ заавраар гар утсаараа мөнгө нэхсэн мөрдөн байцаагчийн яриаг бичиж аван гол нотлох баримт болгосон хэрэг гарчээ. Нотариатч эмэгтэй Н.Б эзэмшигч хүүхдүүдийх нь эзгүйд ээжийнх нь гуйлтаар байр, автомашины зогсоолд хуурамч итгэмжлэл хийж өгсөн гэх хэрэгт холбогджээ. Энэ хэрэгтээ Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгагдсан. Түүний хэргийг мөрдөн байцаагч А.Т шалгасан аж. Байцаагч нотариатч эмэгтэйг “хэргийг шүүхэд шилжүүлнэ, нотариатчийн эрхийг түдгэлзүүлнэ, ХЗЯ руу бичиг явуулна” хэмээн загнаж уйлуулжээ. Ээж нь цагдаагийн газраас уйлсаар гарч ирэхийг хүлээж байсан хүү Д.Г харж эмзэглэсэн гэнэ. “Мөрдөн байцаагч ирэх долоо хоногт хэргийг хаана, хоёр сая төгрөг бэлд гэсэн, энэ мөнгийг хаанаас олох вэ” гэхэд хүү нь “мөнгө өгч болохгүй, АТГ-д мэдэгдэе” гэжээ. Ингээд ээж хүү хоёр гар утсаараа видео болон аудио бичлэг хийж мөрдөн байцаагч хахуулийн мөнгө нэхэж буйг баримтжуулахаар шийдсэн байна. Удалгүй мөрдөн байцаагч машинтайгаа Баянзүрх дүүргийн Сансарын тугелийн зүүн талын “Эрхэс” төвд байрлах ажлых нь гадаа ирсэн тухай нотариатч эмэгтэй хүүдээ мэдээлжээ. Хүү ирээд ээжийнхээ гар утсыг нислэгийн горим дээр тавьж дуу бичлэгийг нь ажиллуулаад халаасанд нь хийж өгөн гаргажээ. Өөрөө ээжийнхээ өрөөнөөс мөрдөн байцаагчийн машины зогсож байгааг бичиж эхэлсэн байна. Ээж нь байцаагчийн машинд ороод мөөнө нэхэж байгаа ярианы 20 гаруй минутын бичлэг хийж чаджээ. “Цуглуулсан” баримтаа хуулийн байгууллагад гаргаж өгсөнөөр цагдаагийн ажилтны хахууль нэхсэн хэргийг задалжээ.