2019 оны сүүлээр Израйлийн арми болох ЦАХАЛ-ын цэргүүдийн гар утсанд үл таних эмэгтэй хэрэглэгчдээс секси зургаа солилцох санал их ирсэн. Бүсгүйчүүд эхлээд өөрийн эротик зургаа илгээсэн агаад маш секси төрхтэй тул цэргүүд уухайн тас харилцаж гарчээ. Харилцах явцад бүсгүйчүүд нь өөрсдийгөө Израйльд цагаачилж ирсэн хэмээжээ. Мөн иврип хэлэндээ тийм сайн биш хэмээн итгүүлээд зарим нь бүр хараа сонсголын бэрхшээлтэй гэж итгүүлэн цэргүүдийн өрөвдөх сэтгэлийг төрүүлж чаджээ. ЦАХАЛ нь хаалттай, эрчүүдийн орчин тул цэргүүд өөрсдийн гар утсан дахь бүсгүйчүүдийн эротик зургийг бие биендээ гайхуулах дуртай гэнэ. Чухам үүнийг нь л ХАМАС-ын хакерчид ашиглажээ. Бүсгүйчүүд өөрийн эротик зургийг илгээхийн хамт уг зургийг татаж авах линкийг бас шидэж байсан. Харин цэргүүд уг линкэд нэвтрэнгүүт л тусгай нууц программ гар утсанд нь автоматаар нууцаар суухаар тохиргоо хийгдсэн байжээ. Суусан программ улмаар идэвхижиж уг гар утсан дахь мэдээллийг цаашаа дамжуулдаг байна. Үүнд гар утасны яриаг сонсох, бичих, байрлалыг тогтоох, мэдээллийг хулгайлах зэрэг оржээ. Мөн эзэмшигчид мэдэгдэлгүйгээр гар утсыг ажилллуулж тодорхой үйлдлүүд хийгдэж байсан нь дараа нь шалгалтаар тогтоогджээ. ЦАХАЛ-ын цахим аюулгүйн алба энэ хэргийг саяхан илрүүлжээ. Цэргүүдийн гар утас руу бүсгүйчүүдийн эротик зураг илгээгчид нь Палестины “ХАМАС” бүлэглэлийн хакерууд хэмээн тогтоож энэ сарын 14-нд ЦАХАЛ-ын Твиттер дэх албан ёсны хаягт сэрэмжлүүлэг оруулжээ. Сэрэмжлүүлэгт дурдсанаар цахим аюулгүйн алба энэ халдлагыг таслан зогсоож чадсан гэжээ.