Хятадын шоронгоос оргосон Хойд Солонгосын иргэнийг цагдаа нар 40 хоног хайсны эцэст баривчилжээ. Түүнийг Хятадад Жу Сянжян хэмээн нэрлэж байгаа. Солонгос нэрийг нь зарлаагүй байна. Тэрээр 2013 онд БНАСАУ-аас оргож, удалгүй Хятадын шүүхээс шоронд хоригдох ял сонсжээ. Хятадын шоронгоос оргох нь ховор бөгөөд хэцүү. Харин 39 настай Хойд солонгос эр төвөггүй оргож чаджээ.
Бээжин дэх төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн агентлаг "Beijing News"-ээс түүний оргож буйг харуулсан хяналтын камерын бичлэгийг цацсан байна. Уг бичлэгт хоригдол 10 дугаар сарын 19-нд шоронгийн хашаа руу авирч, гол барилгын дээвэр дээр гарч, улмаар цахилгаан хүчдэлтэй гадна хашааг даван гарч буй нь харагдана. Энэ явдал тус улсын олон нийтийн сүлжээнд томоохон шуугиан дэгдээсэн байна.
Шоронгоос оргож буй бичлэгийг нь цацжээ
Удаан хугацаанд хоригдсон хүн бие бялдраа ингэж сайн хадгалж үлдсэн нь олон хүнийг гайхшруулжээ. Мөн харуулууд түүнийг хөөсөн ч гүйцээгүй. Оргоод сар гаруй болсон Хойд Солонгосын хоригдол, оргодол эрийн тухай мэдээллийн шагналын хэмжээг тогтмол нэмэгдүүлж иржээ. Хамгийн сүүлд 109 мянган доллар болгосон байна.
Хойд Солонгосын иргэн Сянжянд Хятадын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн, хулгай хийсэн зэрэг олон гэмт хэрэг үйлдсэн хэргээр 11 жилийн хорих ял оноосон байна. Тэрээр оргох үедээ есөн жилийг нь эдлээд байжээ. Ял эдлэх хугацаа нь дууссаны дараа түүнийг БНАСАУ руу буцаах ёстой. Гэтэл ингэж оргож байгаа нь эх орон руугаа буцах сонирхолгүй байгааг харуулж байна гэж олон нийт үзэж байна. Учир нь Хойд Солонгос руу буцвал түүнийг Хятадаас ч илүү хатуу шийтгэл, тэр дундаа цаазаар авах ял хүлээж байгаа аж.