alim.mn | 2024.12.23
Ч.Ундралын нөхөр Д.Даваадорж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс үлгэр дуурайл авдаг

1. Та ажлын нэг өдрөө хэрхэн эхлүүлдэг вэ?
Өглөө 06:00 цагт босоод Gym-д явж хөнгөн дасгал хийдэг. Өглөө эрт Gym-д явах нь тухайн өдрийн эрч хүчийг өгч, орой цагтаа унтаж чаддаг. Тэгээд охиноо сэрэхээс нь өмнө харьж охинтойгоо хамт цайгаа уугаад ажилдаа гардаг.


2. Та юунаас урам зориг авдаг вэ?
Өөрийнхөө амьдралын урам зоригийг охиноосоо авдаг. Мөн миний амьдрал хөгжимтэй салшгүй холбоотой. Хөгжмийн зохиолч Б.Шарав гуай болон Монголын агуу хөгжмийн зохиолчдын аяз сонсож байхдаа болохгүй байсан зүйлийнхээ шийдлийг олчихдог.

3. Таны ментор хэн бэ?
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс үлгэр дуурайлал авдаг. Төр засаг, улс орны хэмжээнд залуу хүн хэрхэн ажиллаж чаддагийг, томоохон шийдэл гарган тэр болгонд эрсдэлийг өөр дээрээ дааж, бүх зүйлийг шийдэх гэж оролдож байгаад нь талархууштай байдаг.


4. Хэрэв та ментор бол таны суралцагч таниас ямар чадварыг сайн суралцах вэ?
Миний нэг сул тал гэвэл анхаарал сайн төвлөрдөггүй. Нэг төвлөрөөд ажлаа эхэлбэл заавал тэр ажлынхаа ард нь гарч байж санаа амардаг. Тууштай байх чадварыг суралцагчдаа зааж өгөх байхдаа.

5. Та биедээ авч явдаг юм уу ажлын өрөөнд тань байнга байдаг зүйл юу вэ?
Аавынхаа тэмдэглэлийн дэвтрийг би дандаа авч явдаг. Сэтгүүлч хүн учраас сонин юм их бичдэг.


6. Өдөрт заавал цаг гаргаж хийдэг зүйл тань юу вэ? /ажлаас бусад/
Миний хувьд өөрийнхөө өдрийн хоолыг заавал хийж авч явдаг. Өөрийнхөө хоолонд санаа тавиад, зохицуулаад ирэхээр ашигтай клкалор-аа хангалттай авч чаддаг. Хүүхэдтэй болсноосоо хойш эрүүл амьдралын хэв маягт илүү шилжээд байгаа.

7. Та энэ ажлыг хийгээгүй бол хаана ямар ажил хийж байх байсан бол?
Би социологич мэргэжилтэй, одоо Шанхайд магистр хамгаалаад төгсөх гэж байна. Хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалттай гээд янз бүрийн байгууллагад ажиллаж байсан. Магадгүй тэр чиглэлээрээ ажиллаад явах байсан байх. Би өмнө нь улс төрийн намд ажиллах нь албан тушаал ахих, карьер хийх боломж гэж хувь хүний өрөөсгөл ойлголтоор дүгнэж байсан. Миний хувьд намд ажиллаж эхэлснээс хойш намыг харах өнцөг өөрчлөгдөж, маш том институц юм байна гэдгийг ойлгосон. Энэ дотроо шат шатны байгууллагатай, түүнийгээ дагаад хүмүүс нь дэг жаягтай, журамтай мөн боловсорч хөгжиж байдаг. Хүний амьдралын зохион байгуулалт ч өөр болдог юм байна. Бид нар өөрсдөө зөв хөгжиж чадвал ажиллах арга барилын гол бүтцүүд нь бүгд энд бий.

8. Та хамгийн анх хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ?
Оюутан байхдаа Спрингс гэж зочид буудалд зөөгч, ресепшин хийж 50,000 төгрөг авсан. Өндөр учраас янз бүрийн хүлээн авалтад зөөгч хийх боломж гардаг байлаа./хэхэ/ Үндсэн ажил гэвэл ХААЯ-нд ороод 450,000 төгрөгийн цалин авч байсан нь хэзээ ч мартагддаггүй. Өөрийнхөө хөдөлмөрөөр авч байгаа бүх юм сайхан санагддаг.

9. Таны хариуцдаг чиг үүрэг юу вэ?
НАМЗХ-д Удирдах зөвлөлд байдаг ч гэсэн олон нийт, хэвлэл мэдээлэл, пи-ар, маркетинг, менежмент болон бүхий л контент дээр ажиллаж байна. Саяхан Сошиал Ток гэдэг нэвтрүүлэг хийж, Тусгаар тогтнолын ордны хоёрдугаар давхарт байрлах НАМЗХ-ны үүд хаалга үргэлж залуучуудад нээлттэй, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллагууд ямар үйл ажиллагаа явуулдаг, тэнд ажилладаг залуучуудын хийдэг ажил, өдөр тутмын үйл ажиллагаа нь хэрхэн өрнөдөг талаар харуулахыг зорьсон. Тэр зорилгодоо ч хүрсэн гэж бодож байна.

10. Одоо юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?
Саяхан бид нар НАМЗХ-ын 24 жилийн ойн арга хэмжээнд зориулан 4 ангитай цуврал влог санаачилж хийсэн. НАМЗХ-ээс залуучуудад хандсан 3-4 контент гаргахаар төлөвлөсөн байгаа. Энэхүү цуврал контентыг үзээд өөртөө хэрэгтэй зүйлээ ойлгож аваасай, НАМЗХ-д нэгдэж залуусын томоохон давалгааг хамт үүсгээсэй гэсэн зорилготой контентууд хийх ажил дээр төвлөрч байна даа.

Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе. Хэлэхийг хүссэн зүйл байна уу?
Өглөө цонхоо онгойлгоод харахад цэлмэг эсвэл бүүдгэр байдаг. Үүнтэй адилхан утсаа асаахад хамгийн түрүүнд харж байгаа мэдээ хүний сэтгэл зүйд нөлөөлдөг. Тийм болохоор муу муухай бүх юмыг хаагаад дандаа сайн сайхан зүйлийг хараасай. Монгол хүн амны билгээр гэдэг шиг үргэлж өөрийгөө сайн сайхан байна гэж бодож, сэтгэл зүйгээ аль болох эерэг байлгаарай гэж уриалмаар байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ