alim.mn | 2024.12.22
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг 180 сая төгрөгийн ажил гүйцэтгэгчийг нэр заасан гэжээ

2017 оноос нийслэлийн Засаг дарга  төсөл арга хэмжээний гүйцэтгэгч компани, байгууллагыг шууд нэр заадаг болсон. Энэ нь хууль зөрчсөнөөс гадна тендерийн сонгон шалгаруулалтын үндсэн зарчмыг алдагдуулж байгаа хэрэг юм. Тэгвэл энэ буруу жишиг дүүргийн Засаг дарга нарт ч “халдварлажээ”. Чингэлтэй дүүрэгт “Нийгмийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, багаж тоног төхөөрөмжөөр хангах” багц ажлын хүрээнд 180 сая төгрөгийг төсөвт өртөгтэй зөөврийн рентген аппарат нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг  “Sitec Medical Co Ltd” компани хэмээн дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нэр заасан гэж дурдагджээ. Тус компани нь Солонгос улсых агаад рентген аппарат үйлдвэрлэдэг. Засаг даргын нэр заасны дагуу дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь худалдан авах ажиллагаа зохион байгуулжээ. Улмаар Солонгос улсын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газраар дамжуулан тухайн компанитай шууд гэрээ байгуулан аппаратыг худалдан авчээ. 180 саяын үнэтэй аппарат нийлүүлэх компанийг дүүргийн Засаг дарга нэр заасан, шууд гэрээ байгуулсан зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн эрх ашгийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж харагдаж байна. Хуулийн байгууллага энэ хэргийг шалгах нь зүйтэй.  Түүнээс гадна Засаг даргатан “ухаалаг аргад” нэлээд суралцсан бололтой. Дүүргийн ИТХ нь бөөн дүнгээр баталсан төсөл арга хэмжээг олон жижиглэж хуваадаг гэнэ. Мөн ижил төстэй тендер зарлаж болох ажлыг хоёр болгож хувааж явуулсан байна. Үүнээс гадна олон “сонирхолтой” зүйлс энэ дүүрэгт гарсан. 230 сая төгрөг тавигдсан “Жаргалтай гэр бүл-Жаргалтай үрс” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн зорилтот төсөл, 500 саяын өртөгтэй гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны хүчдэл сайжруулах, 0,4кВ-ын шугам татаж цахилгаанаар хангах, гэрэлтүүлэг хийх ажил, 300 сая төгрөгийн зардалтай хороодод тоглоомын талбай байгуулах ажил дүүргийн хаана, хэзээ хэрэгжсэнийг Засаг дарга л мэдэх гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ