Зорчигчийн вагон депогийн Н.Батжаргал даргатай хоёрдугаар цувааны үйлчлэгч М.Дуламсүрэн, галт тэрэгний мастер Б.Анхбаяр нар энэ сарын 20-нд болсон Уулын жимийн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тус бүр дөрөвдүгээр байрт шалгарчээ.
Нас насны ангилалд маш олон хүн оролцсоноос Цэргийн анги, хүчний байгууллагынхан, олон улсын хэмжээний мастер тамирчид олон байжээ. Анхбаяр 30-39 насны ангилалд 12 км, Дуламсүрэн 40-49 насны ангилалд 9 км гүйх даалгавраа амжилттай биелүүлсэн байна. Уулын жимийн гүйлт цастай, хүйтэн жавартай, халтиргаа гулгаа ихтэй, өгсүүр, уруу замтай, тамирчдын тэсвэр хатуужлыг жинхэнэ сорьсон тэмцээн болсон аж.
М.Дуламсүрэн: Архангай аймгийн Цэнхэр сумынх. 1995 онд төмөр замд үйлдвэрийн дагалдангаар ажилд орж, 45 хоногийн курст сураад 1996 онд үйлчлэгч болж ажлын гараагаа эхэлжээ.
Б.Анхбаяр: Улаанбаатар хотынх. Хилийн цэргийн 0198 дугаар ангид алба хааж ирээд 2004 онд Зорчигчийн вагон депогийн Аж ахуй, тоног төхөөрөмжийн цехэд ачигчаар ажилд орсон. Төмөр замын дээд сургуульд элсэн Техникчээр төгсөөд 2011 оноос буцаад цехдээ ажилласан. Мастер болоод удаагүй.