Монголд хоёр Баярмаа нэртэй жүжигчин бий. Хоёулаа 1987 оны 3 дугаар сард төрсөн, 34 настай. Жүжигчин Баатарын Баярмаа 2006-2015 он хүртэлх Монголын бүхий л киноны гол дүрд шахуу тоглосон. Энэ хооронд гурван охины ээж болсон. Харин 2016 онд амьдралдаа гэнэтийн өөрчлөлт хийж, МУГЖ Г.Ариунбаатартай амьдарч, хүү төрүүлснээр тайз дэлгэцээс холдож нам гүмхэн амьдрах болсон. Б.Баярмаа Алдарт эхийн одонгоо олноос нууцхан гардаж авч, кинонд тоглолгүй, дэлхийд данстай дуурийн дуучин Г.Ариунбаатарын ар талыг найдвартай дааж үлдэх болсон юм.
Харин найз Нэргүйн Баярмаа нь нэг хэсэг телевизэд дуу оруулж, УДЭТ-т ажилласнаас 30 наснаас урлагийн карьер нь эрчтэй эхэлсэн. Өнгөрсөн онд "Анна Каренина" жүжгийн Анна Каренинагийн дүрээр өөрийгөө "зарлалаа". Мөн өнгөрсөн 6 дугаар сарын нэгэнд Алдарт эх, саяхан 11 дүгээр сарын 25-нд УДЭТ-ын 90 жилийн ойгоор Алтан гадас одон авч, нэг жилд энгэрээ хоёр цоолов. УДЭТ-ын жүжигчин Н.Баярмааг Алтан гадас одон гардах үеэр найз Баатарын Баярмаа ирж баяр хүргэлээ.