“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий, Д.Сүндийгийн компанид ажилладаг Д.Баттөгс, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан нарыг шүүх хурал ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Шүүгдэгч Д.Сүндий нь өөрийн эхнэр Н.Ундрахыг хэрцгийгээр зодож, хавиргыг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээр 2019 оны гуравдугаар сард анх шалгагдаж эхэлсэн байдаг. Гэвч тэрбээр хэргийг мөрдөн шалгаж байсан цагдаа нарт өөрийн ажилтан болох Д.Баттөгсөөр дамжуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Б-д 10 сая төгрөг, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Д-т 5 сая төгрөг өгч хэргийг хаалгасныг АТГ-ын мөрдөн шалгаж тогтоон яллуулахаар шүүхэд шилжүүлээд байсан юм.
Д.Сүндий нарыг шүүх хурлын тов өнгөрсөн долдугаар сард анх гарсан боловч ковид цар тахлаас үүдэлтэйгээр хойшилсоор ийнхүү өнөөдөр болжээ.
Д.Сүндий нарыг шүүх гэм буруутай хэмээн үзсэн тохиолдолд тав хүртэлх жил хорих ял оноох хуулийн заалттай юм байна.