alim.mn | 2025.01.06
ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн дарга, нярав хоёр авилгалын сүлжээ байгуулж 11,8 сая төгрөгийн хахууль авчээ

ХӨСҮТ олон жилийн турш үйлчилгээ, эмчилгээ, барилгын нөхцөл байдлаараа уруудаж ирсэн нь цар тахлаар ил болсон. Тэгвэл нэмээд энэ эмнэлэгт авилгалын тэрүүхэндээ мундаг сүлжээ ажиллаж байсан нь илэрчээ. Энэ сүлжээг Хүний нөөцийн газрын дарга И.Орхон, нярав Н.Нарангэрэл нар байгуулжээ. Тэд нийтдээ 11 хүнээс ажилд оруулахаар 11,8 сая төгрөгийн хахууль авсанаас дарга 8,6 сая, нярав 3,2 сая төгрөгийг авсан. Энэ хэрэг “алдарт” Д.Нямхүүг дарга байхад болжээ. Няравын мэдүүлснээр “дарга ажилд орох хүн байвал боломжийг нь хараад өөрөө мэдээд мөнгө авчих, надад хувь өг, ажилд томилохыг нь би зохицуулна” гэсэн аж. Ингээд сүлжээ ажиллаж эхэлжээ. Ажилд орох гэсэн хүмүүсээс 700 мянгаас хоёр сая төгрөг авч эхэлсэн. Үүнд Нэгдсэн лабораторийн албаны нян судлалын тасагт Б.У-г  лабораторийн техникчээр томилж 1,5 сая төгрөгийг дансаар, Ариутгал халдваргүйжүүлэлтийн тасагт Н.О-г үйлчлэхээр оруулахдаа 700 мянгыг бэлнээр авчээ. Нярав  мөнгийг даргад дамжуулахдаа голдуу 300 мянган төгрөгийг өөрийн хувь болгон авдаг байжээ. Сүрьеэгийн тандалт судалгааны албанд Б.О-г үйлчлэгчээр оруулахдаа нэг саяыг авч үүнээс 700 мянгыг даргадаа өгөөд үлдсэнийг нь авсан байна.  Няравын мэдүүлснээр Орхон даргатай сайн харилцаатайн хувьд “бусдад тусалж байсан” гэжээ. Тэгээд ч ХӨСҮТ нь халдвартай нөхцөл гэдгээрээ цалин хангамж өндөр тул ажилд орох гэсэн хүмүүс олон байдаг тул гуйлга тасардаггүй байжээ. Ингээд хүмүүсийг насны хоолтой болгон “буян үйлдэж” байсан аж.  Дарга нярав хоёр мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга “зээл” хэмээн бичиж байхаар тохирсон гэнэ. Ажилд оруулдаг “сүлжээ” 2019 оны сүүлээс эхэлж ажиллаад энэ оны зун “матаасаар” илэрчээ. АТГ-д дуудагдсан өдрөө дарга нярав хоёр уулзаж асрагч Алтансувд нар хэлсэн, мөн хэрхэн мэдүүлэг өгөх тухайгаа ярьж тохирчээ. Ингээд зээлийн төлбөрт мөнгө шилжүүлсэн байдлаар мэдүүлэг өгөхөөр болсон байна. Зарим гэрчийн мэдүүлснээр нярав  хүмүүсийг өрөөндөө дуудаж “та нар амаа мэдэж яваарай, Орхон даргад мөнгө өгч ажилд орсон гэж юу яриад байгаа юм бэ, хэл амаа мэдэж явахгүй бол ажлаас чинь хална шүү” гэж загнажээ. Мөн “даравгар амаа хамхиж явахгүй бол ажилгүй болно, Орхон даргыг хэн ч дийлэхгүй,  одоо цагдаагийн нэг даргаар АТГ луу яриулж байгаа” гэх зэргээр “томорсон” аж. Шүүх  экс даргыг 14 сая, няравыг 10 сая төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ