Египетийн иргэний агаарын тээврийн компанийн нисгэгч Ашраф Або Эль Йоср нь насаараа ниссэн, туршлагатай нисгэгч гэнэ. 2019 онд тэрээр тэтгэвэрт гарахад ердөө гуравхан жил үлдээд байжээ. Өнгөрсөн оны 11-р сард Кайр-Дубай чиглэлийн нислэгт нь Египетийн том од нэрт дуучин жүжигчин Мухаммед Рамадан зорчиж явжээ. Нисгэгчийн ярьсанаар тухайн үед 2-р нисгэгч нь байхгүй үед нисгэгчийн бүхээгд дуучин од орж ирсэн аж. Тэрээр хамт зургаа авахуулахыг 1-р нисгэгч болох Ашраф Або Эль Йосроос хүсэхэд тэрээр зөвшөөрсөн байна. Ингээд дуучин од нь 2-р нисгэгчийн суудалд сууж жолоо бариад зургаа авахуулан бичлэг хийжээ. Дуучин од нь зургаа олон нийтийн сүлжээнд тавина гэж хэлээгүй гэнэ. Гэтэл энэ нислэгийн дараа дуучин одын онгоц жолоодож байгаа зураг бичлэг Египетийн цахим сүлжээгээр таржээ. Иргэний агаарын тээврийн яам нислэгийн үед онгоцны жолоог бусдад шилжүүлэн зорчигчдын амь насыг эрсдэлд оруулсан хэмээн Ашраф Або Эль Йосрыг хариуцлагад татсан байна. Улмаар 2019 оны 12-р сард Иргэний агаарын тээврийн удирдах газрын шийдвэрээр нисгэгчийн лицензийг цуцалж ажлаас нь халжээ. Болсон явдал нэлээд шуугиан тарьж дуучин одыг өөдгүй зан гаргаж хүний ажил амьдралаар тоглосон хэмээн олон нийт буруушаасан. Сандарсан Мухаммед Рамадан Иргэний агаарын тээврийн яаманд захидал бичиж нисгэгчийн шийтгэлийг хөнгөрүүлэхийг хүссэн ч татгалзсан хариу авчээ. Тэтгэвэрт гарахын даваан дээр ажлаасаа халагдсан нисгэгч өөрийнх нь амьдрлын сүйрлийн гол буруутан нь дуучин од гэж үзээд өөрт учирсан бүх гай зовлонгийн нөхөн төлбөрд 1,6 сая доллар нэхэн шүүхэд өгөөд байна.