Өнгөрсөн сарын эхнээс улс орон даяараа бүтэн сарын турш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр амьсгалсан. Энэ хүрээнд ёслолын гэмээр дарга нар оролцсон олон арга хэмжээ болсон агаад санхүүжилтийг нь Орчины бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргажээ. Бүр тодруулбал хотыг нөмрөөд байгаа саарал утаатай тэмцэхэд мөнгө нь зарцуулагдах ёстой Агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт хөтөлбөрөөс санхүүжүүлсэн байна. Энэхүү шийдвэрийг хороог ахалдаг БОАЖ-ийн сайд Н.Уртнасан гаргажээ. Улмаар ЕТГ-ын дэд дарга А.Үйлстөгөлдөр, БОАЖЯ-ны ТНБД Д.Ганболд нар гэрээ байгуулж мөнгийг ЕТГ-д шилжүүлсэн байна. Гэрээнд зарим нэгэн сонирхолтой зүйл бий. Үүнд “Гүйцэтгэгчийн бүрэн эрх” гэсэн 4-дэх хэсгийн 4,4-д “Гүйцэтгэгч нь дараа жилд шаардагдах санхүүжилтийг Санхүүжүүлэгчид хүргүүлэх үүрэгтэй” гэж оруулжээ. Үүнээс үзэхэд ЕТГ авах эрхтэй, БОАЖЯ өгөх үүрэгтэй болж байна. Дараа жилийн арга хэмжээг нь ч Агаарын бохирдлыг бууруулах уур амьсгалын өөрчлөлт хөтөлбөрөөс санхүүжүүлэх агаад ихээхэн хөрөнгө үрэгдэх шинжтэй. Тэр хэмжээгээр хотын саарал утааг багасгах хөрөнгө танагдаж таарна. Ийнхүү “Тэрбум мод” хөтөлбөр төсөвд тэрбум тэрбумийн дарамт учруулах нь тодорхой болжээ. Уг нь ЕТГ Ерөнхийлөгчийнхөө гаргасан санаачилгыг бусдаас юм харалтгүйгээр санхүүжүүлэх чадалтай олон тэрбумын төсөвтэй айл. Түүнээс гадна БОАЖЯ дангаараа ихээхэн хөрөнгийг энэ арга хэмжээнд зарцуулжээ. “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн” ойн чуулганы гэрээт ажил нэрээр Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолборт 39 сая төгрөг өгсөн байна. “Шайнинг сошиал”, “Талент эйжинсе” компаниудад тус бүрд нь 14 сая төгрөг шилжүүлжээ. Зөвхөн энэ арга хэмжээнд ЕТГ-д өгсөн 103 саяас гадна ахиад 105 гаруй сая төгрөгийг үрээд дуусгажээ.