Авлигатай тэмцэх газраас "Авлигын эсрэг үндэсний чуулган"-ыг зохион байгуулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021"-д оролцож, үг хэллээ.
Тэрбээр "Монгол Улс авлигын индексээр 35 оноо авч, дэлхийд 111-т жагсаж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс энэ асуудалд анхаарах шаардлагатай байна. Судалгаагаар Монгол Улсын хөгжилд зургаан хүчин зүйл хамгийн их саад болж байгаа нь тогтоогдсон. Үүний нэг нь авлига. Төрийн хүнд суртал, авлига монголын хөгжлийг чөдөрлөж байгаа.
Тиймээс авлигыг бууруулахын тулд төрийн албыг цахимжуулах нь чухал. Би Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг бүх талаас нь дэмжиж байгаа. Цаашид төрийн худалдан авалтыг цахимжуулна. Шалгуур хангасан компани автоматаар сонгогддог системд шилжүүлнэ. Одоогоор 500 гаруй төрийн үйлчилгээ цахимд шилжсэн. Ирэх долоо хоногт эрүүл мэндийн салбарт цаг авдаг систем цахимд шилжинэ. Ингэснээр хувь хүний оролцоо багасна. Цаашдаа ашигт малтмалын салбар, төрийн худалдан авалтын процесс цахимжина. Энэ дээр хуулийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшлүүд хамтарч ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал иргэндээ ээлтээ төр болно. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Шулуухан хэлэхэд, хөрөнгө оруулагчид шүүх хэнээс ч хараат бус гэж итгэсэн тохиолдолд л тэд хөрөнгө оруулна. Улс төрчдөөс үл хамаарсан шүүхийн тогтолцоо бий болгох хэрэгтэй.
Мөн төрийн түшээдийн уулзалт олон нийтэд ил байх ёстой. Хурлын тоог нэгээр нэмдэг биш шийдлийн тоог нэжгээдээр нэмдэг байх хэрэгтэй. Бид авлигагүй нийгмийн цогцлоож чадсан цагт эдийн засаг сэргэж, иргэдийн амьдралын чанар сайжирна гэдэгт итгэлтэй байна. Иргэд, ААН нэг цул байж, авлигагүй нийгмийн бүтээхийн төлөө хамтдаа хичээцгээе.