
Үе үеийн Засгийн газар явуулж буй бодлого арга хэмжээнд нь иргэд хэрхэн хандаж байгааг мэдэхийг “ихээхэн ач холбогдолтой”-д тооцож ирсэн. Үүний төлөө мөнгө хөрөнгийг харамгүй зарж судалгааны байгууллага, компаниудаар судалгаа, шинжилгээ хийлгэж дүгнэлт бичүүлж авдаг. Түүнийгээ дараа дараагийн бодлого “боловсруулахдаа” ашигладаг гэдэг ч ЗХЭГ-ийн олон дарга нарын нэгнийх нь сейфэнд ороод л мартагддаг. Гэсэн ч дараа жил нь ахиад л нөгөөх тендерээ зарлах жишээтэй. Энэ удаад Ц.Нямдорж даргатай ЗГХЭГ “төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэж байгаа үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлын талаар иргэдийн хандлагыг тандан судлаж, түүнд дүн шинжилгээ хийлгэх” зөвлөх үйлчилгээний тендер зарлажээ. Өртөг нь 300 сая төгрөг. Төрийн бодлого, шийдвэр эсвэл үйлчилгээ ямар байгааг мэдэхийн тулд ийм их хөрөнгө зарах хэрэгггүй. Тэр тусмаа одоогийн цаг нөхцөлд... Бодлого ямар байгааг Замын-Үүд боомтын ажил харуулна. Үйлчилгээний чанарыг нийслэл хотын дурын дүүргийн газар эсвэл нийгмийн халамжийн байраар шагайхад л мэдрэгдэнэ. Байдал ийм байсаар атал элдэв судалгаа шинжилгээнд ЗГХЭГ оройлон, яам агентлагууд дараалан их хөрөнгө зарцуулсаар байна. Үр дүн нь шавар хөшөө босгосонтой адил. Хөшөөнд олон зуун саяыг зарцуулж барьдаг ч дараа нь овойсон шавар цемент л харагддаг. Түүний нэгэн адил төрийн бодлого, иргэдийн сэтгэл ханамжийн зэрэг судалгаа нь эцэстээ хэн ч тоож хардаггүй овоолсон цаас болон үлдсээр байна.

