Английн Сомерсетшир гүнлэгийн Уэстон-мупер-Мэр хотын 80 настай Айри Жонс ер бусын хүсэлтээрээ Ерөнхий сайд Борис Жонсонг хүнд байдалд оруулаад байгаа гэнэ. Тэрээр Египетийн нийслэл Кайр хот дахь Британы ЭСЯ-ны албан тушаалтнуудад “нөлөөлж” өөрийх нь амраг болох 34 настай египет эр Мохаммед Ахмет Ильбрихамд виз олгох тал дээр дэмжлэг гуйжээ. Айри Жонс захидалдаа “амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг египет амрагийнхаа хайр энхрийлэлд өнгөрөөхийг ихэд хүсэж байгаа” тул туслахыг хичээнгүйлэн гуйсан байна. Англи эмгэн, египет залуу эр хоёр цахимаар танилцаж харилцжээ. Харилцсанаас хойш ердөө 14 хоногийн дараа египет залуу өөрт нь ухаангүй дурласан гэдгээ Айри Жонсод илэрхийлжээ. Англи эмгэн тэр дороо Кайр нисэж залуу амрагтайгаа уулзаж улам дотносож улмаар гэрлэхээр шийджээ. Хуримаа Англид хийхээр шийдсэн ч хүнд сурталт ЭСЯ-ныхан залуу амрагт нь виз олгохгүй байгаа аж. Саяхан Англид ихээхэн алдартай “Өглөө эрт” шоунд өтөл насандаа ухаангүй дурласан Айри Жонсийг урьж оролцуулжээ. Нэвтрүүлгийн хөтлөгчид царайлаг мусульман эр Англид оршин суух эрх болон эд хөрөнгийх нь төлөө хайр зарласан байж болох талаар асуухад эмгэн ихэд эгдүүцжээ.
-Энэ тухайд үр хүүхэд, хамаатан садан, найз нөхөд маань олонтоо ярьсаар бүр залхаасан. Миний Мохаммед тийм хүн биш. Би анх учраад л түүнийг жинхэнэ эр хүн гэдгийг мэдэрсэн-
Шоуны үеэр эмгэн Ерөнхий сайд Борис Жонсоныг өөрт нь туслана гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа хэлжээ.
-Ерөнхий сайдын эхнэр өөрөөс нь 24 насаар дүү шүү дээ. Тийм болохоор тэрээр өтөл насандаа хүнд дурлахын зовлонг сайн мэдэж байгаа-
Шоуны хөтлөгчийн мэдээлснээр Засгийн газрын холбогдох албаныхан Ерөнхий сайдад хаягласан эмгэний захидлыг хүлээн авсанаа хэлсэн ч туслах тал дээр тайлбар хийхээс татгалзжээ.