Монгол, Орос, Хятад 3 улсын Аялал жуулчлалын сайд нар цахимаар уулзав

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас уламжлал болсон аялал жуулчлалын сайд нарын ээлжит хуралдааныг цахимаар зохион байгууллаа.
Монгол, Орос, Хятадын Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагаа, “Цайны зам” хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хэрэгжүүлэх замын зураглалын төсөл болон ирэх онд хамтарсан 7 хуралдааныг зохион байгуулах зэрэг асуудлыг хурлаар хэлэлцлээ.
2019 онд Орос улсаас 141 мянга, Хятад улсаас 168 мянган жуулчин манай улсад аялсан нь Монгол Улсын гадаадын жуулчдын зах зээлийн голлох орноор тодорхойлогдож байна. Харин Монголоос Орос улсад 356 мянга, Хятад улсад давхардсан тоогоор 1,4 сая хүн аялсан статистик судалгаа гарсан. Иймд цар тахлын дараа олон улсын аялал жуулчлалыг сэргээх, гурван улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүний хөгжлийг цаашид ахиулах нь чухал ач холбогдолтойг талууд онцлов.



Талууд 2020 онд ОХУ-аас ирүүлсэн Замын зураглалын төслийг хэлэлцэх ажлын хэсгийг байгуулж, Замын зураглалыг Монгол, Орос, Хятадын Аялал жуулчлалын сайд нарын 7 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр тогтов. Түүнчлэн 2022 оны эхний улиралд Монгол, Орос, Хятадын Аялал жуулчлалын сайд нарын 6 дугаар хуралдааны хэлэлцсэн асуудлуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлахаар болов.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ