alim.mn | 2024.12.26
“ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ” баталлаа
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ
“ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ” баталлаа. Улсын Их Хурал өнөөдөр 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хууль баталлаа. Монгол орон эрс тэс уур амьсгалтай, байгалийн бүс, бүслүүрийн онцлогт дасан зохицсон өвөрмөц тогтоцтой экосистемүүд, биологийн болон генетик нөөцийн олон янз байдал элбэг улс.
Үүний зэрэгцээгээр Монголчууд амьтан, ургамлаа амьдрах орчинтой нь харьцангуй унаган төрхөөр нь хадгалж, хамгаалж чадсан, ахуй амьдрал маань байгалиас буюу экосистемийн үйлчилгээнээс шууд хамааралтай, байгалийн өгөөж, байгаль хамгаалах уламжлалт мэдлэг, соёлоо өвлүүлэн хадгалж ирсэн ард түмний нэг билээ.
Биологийн нөөцийн хувьд Монгол орны ургамлын аймагт нийт 7315 зүйл бүртгэгдээд байгаа бөгөөд эдгээрээс нэн ховор ургамлын 133 зүйл, ховор ургамлын 355 зүйл, эндемик буюу унаган ургамлын 120 зүйл байна.
Амьтны аймгийн хувьд өөр хоорондоо ялгаатай 141 зүйл хөхтөн, 486 зүйл шувуу, 22 зүйл мөлхөгч, 6 зүйл хоёр нутагтан, 74 зүйл засаг, 13000 зүйл шавьж бүртгэлтэй байна. Эдгээрийн 32 зүйл нэн ховор, 76 зүйл ховор амьтан байна.
Монгол Улсын хувьд генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаарх зохицуулалт бүрдээгүй байсан. Манай орны ургамал, амьтан ховордож байгаа гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомстол доройтлоос үүдэлтэй байгаа.
Генетик нөөцийн тухай хууль баталснаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ