
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүх БНХАУ-ын иргэн эмэгтэй Ванг Чиа Инг /Wang Qiaoying/ болон Монголын иргэн Г.М нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцох шийдвэр гэргажээ. Хэргийн тухайд Г.М нь “миний бие БНХАУ-ын иргэн Ванг Чиа Инг гэх эмэгтэй хүнтэй нэг орчуулагчаар дамжуулан танилцсан бөгөөд тухайн үед би ажилгүй байсан. Ванг чиа Инг гэх эмэгтэй надад “би Монгол Улсад удаан хугацаанд бизнес хийх хүсэлтэй байгаа энэ бизнесээ эхлүүлэхэд би өөрөө Монголд байх шаардлагатай байна. Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авахад Монгол хүнтэй гэр бүлийн батлахтай байхад амар юм байна, чи гэр бүлгүй юм чинь надад тус болчих, би чамайг шагнана. Гэрлэлтийн баталгаагаа салгахад ямар нэг асуудал гарахгүй би хүнээс асуусан, захиргааны журмаар салгуулдаг гэсэн” гэж надад хэлсэн. Би тухайн үед богинохон бодсондоо одоо харамсаж байна. Тэгээд бид хоёр 100 айлд байдаг бүртгэлийн газар очиж гэрлэлтээ батлуулсан тэгээд тэр өдрөөс хойш би тэр эмэгтэйг дахиж хараагүй, би гэрлэлтээ салгуулах хэрэгтэй байна, гэж намайг тэр эмэгтэй хүнтэй танилцуулж өгсөн орчуулагчид хэлсэн боловч тэр орчуулагч би танд тусалж чадахгүй учир нь тэр хүнтэй би холбоо тасарсан гэж хэлсэн. Би одоо эхнэр хүүхэдтэй болж гэрлэлтээ батлуулах гэхээр болохгүй, тэр хүүхэн хаана байгааг олж чадахгүй, хүнд байдалд ороод байна” гэжээ. Тухайн үед ажиллаж байсан орчуулагч нь “..... өмнө нь Ванг Чиа Инг надад хэлэхдээ Монгол хүнтэй гэрлэсний дараа оршин суух эрхээ авна гэсэн, тиймээс Ванг Чинг Инг нь М-тэй гэрлэлтээ батлуулсан” гэж баталжээ. Хятад эмэгтэйн тухайд нутаг руугаа яваад ирээгүй нь түүний Монголд эрхлэх гэж байсан урт хугацааны бизнес нь бүтэлгүйдсэнийг харуулжээ. Шүүх дээрх гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцсоноор Г.М нь монгол эхнэртэйгээ гэрлэх боломжтой болжээ.