Өчигдөр улсын начин Э.Энхбат нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Э.Энхбат начны өмгөөлөгч О.Санчирбал энэ мэдээлэл худал болохыг мэдэгдэв. Тэрбээр “Залруулга. Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал байна. БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Хохирогч болон түүний ар гэрийнхэнд хүндэтгэлтэй хандахыг хүсье” гэжээ. Өнөөдөр улсын начин Э.Энхбат эх орондоо ирж байгаа бөгөөд Сонгдо эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтэн эмчлүүлэх аж.
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан билээ. Э.Энхбат начин үүнээс удалгүй Өмнөд Солонгосыг зорьж, өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэсэн. Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай саяхан прокурорт шилжүүлжээ.