Гэсэн ч хуулийнхан эрх баригч намын ажилтнуудыг шалгуулах хүсэлтийг нь хангаагүй байна. Хэргийг эхнээс нь дурдвал 22-26 насны Б.Т, Э.Ч, Э.Г, М.Ж нарын залуус бүлэглэн 2020 оны 2-р сарын 21-нээс 4-р сарын 21-ний өдрийг хүртэл Тусгаар тогтнолын ордны 4-р давхрын 411 тоот өрөөнөөс фишинг төрлийн үйлдлийн программ ашиглан нэр бүхий 14 иргэний фэйсбүүк хэрэглэгчийн нэвтрэх үг, нууц үгийг мэдэгдэлгүйгээр авч нууц үгийг өөрчлөх зэргээр мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан. Тэд үндсэндээ бусдын фэйсбүүк хаягийг “олзолж” авч байжээ. Шүүгдэгч Э.Г нь “Хүмүүсийн фэйсбүүк хаяг руу нэвтэрдэггүй байсан зөвхөн Э.Ч, Б.Т, М.Ж нарт фэйсбүүк олзолж авах аргыг зааж өгч байсан. Э.Ч, Б.Т, М.Ж нар орж ирсэн фэйсбүүк хаягийг Монгол Ардын намын цахим бодлогын хэлтсийн ажилтан С-магнай гэх хүнд өгдөг байсан. Тухайн олзолсон фэйсбүүк хаягуудыг С-магнай нь сонгуулиар ашиглах гэж бид нараас фэйсбүүкийн мэдээллүүдийг авдаг байсан” гэжээ. Шүүгдэгч Э.Ч нь “ ... Анх Э.Г тус ажлын саналыг тавьж хамтран ажиллахаар болсон. Монгол Ардын намын цахим бодлогын хэлтсээс бид нарт 1000 гаруй утасны дугаар өгсөн байсан тул хохирогч нарын фэйсбүүк хаягийн утасны дугаарыг арилгаж шинэ утасны дугаар бүртгэдэг байсан. Тус олзолсон фэйсбүүк хаягийнхаа паспортыг сольсон зүйл байхгүй. Бид нарын хувьд нэвтрэх нэрийг солиод Монгол Ардын намын цахим бодлогын хэлтсийн А-туул гэх хүнд өгөөд тухайн хэлтэс нь нууц үгийг сольдог байсан” гэжээ. Шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...Хохирогч нарын фэйсбүүк аккаунт руу нэвтэрч ороод хүмүүсийн мэдээллийг цааш Монгол Ардын намын цахим бодлогын хэлтэс хариуцсан багт өгөөд тухайн хүмүүс нууц үгийг сольдог байсан. Э.Ч бид хоёрын хувьд Э.Г-оос 700.000 төгрөг хувааж аваад тус ажлаас гарсан” гэжээ. Тэд 100 гаруй хэрэглэгчийн фэисбүүк хаягийг “олзолж” дотохи бүхий л мэдээлэл, зургийг устган “цэвэрлэжээ”. Хохирогч Ж.Г нь “...Миний ... нэртэй фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг сольсон бас морьны зураг нэмээд оруулчихсан, сонгуулийн сурталчилгаа бололтой Болдын Жавхлан Улсын Их хурлын гишүүн гэсэн мэдээлэл шэйр хийсэн, Цэвэгдоржийн Туваан гэдэг хүний цагаан сарын мэндчилгээ шэйр хийсэн байсан, миний зургийг устгасан, ах дүү, хамаатан садан, найз нөхөдтэй харилцсан бүх чат байгаа бас миний найз нөхөдтэйгөө харилцаж дансны дугаар явуулсан мессеж, дотны эмэгтэй хүнтэй харилцсан чат гээд зөндөө зүйл байсан. Би маш их гомдолтой байна. ...Их олон жил хэрэглэсэн 3000 гаран найзтай байсан” гэжээ. Хохирогч Э.С нь “...Нэвтрэх нэр өөрчилсөн, нууц үг өөрчилсөн, миний зурагнуудыг устгасан, нүүр зургийг өөрчлөөд танихгүй эмэгтэй хүний зураг тавьсан, мөн миний хаягийг ашиглаад Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан гэдэг хүний Наурызын баярын мэндчилгээг шэйр хийж тараасан байсан” гэжээ. Хохирогч Г.Ц “...Гэр бүлийн дурсгалтай зураг байсан. Охины минь бүх л зураг байсан, гомдолтой байна” гэжээ. Шүүгдэгч нар МАН-ын цахим бодлогын хэлтсийн ажилтнуудыг хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлт, гомдол гаргасан ч өөрсдийг нь “цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон байх бөгөөд үүнд эргэлзээ төрүүлэхээр өөр ямар нэгэн баримт сэлт мөрдөн байцаалтаар авагдаагүй” гэх шалтгаанаар хүлээж аваагүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт бүгдэд нь хоёр жил зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.