УИХ-ын гишүүдээс хамгийн их хадгаламжтай гишүүнээр Ж.Ганбаатар тодорч байна. Тэрээр 8.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Харин Д.Өнөрболор гишүүн 7.5 тэрбум, Ц.Мөнх-Оргил гишүүн 6.4 тэрбум төгрөгийн тус тус хадгаламжтайгаар эхний гуравт багтаж байна.
УИХ-ын гишүүдээс 2020 онд хамгийн өндөр орлого олсон нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан. БСШУ-ы сайд Л.Энх-Амгалан 8.3 тэрбумын орлоготой. Мөн “Дорнын говь” компанийн эзэн Б.Дэлгэрсайхан 5.5 тэрбум, “хурд” группийн босс Б.Чойжилсүрэн нар 5.02 тэрбумын орлого олсон гэж ХОМ-тээ мэдүүлжээ.
МАЛ СҮРГИЙН ТООГООР УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ ТЭРГҮҮЛЛЭЭ
УИХ-ын гишүүн Ц.Ананбазар 1.5 тэрбум үнэ бүхий мал хуйтай гэжээ. Удаах байранд П.Анужин 1.2 тэрбум, Д.Бат-Эрдэнэ 890 сая төгрөгийн мал сүрэгтэй хэмээн мэдүүлсэн байна.
Мал сүргийн тоо толгойгоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэрүүлж байна. Тэрбээр 2100 толгой хонь, 407 адуутай болохоо мэдүүлжээ. 15 гишүүн хурдан удмын адуутай болохоо мэдүүлсэн байна. Тэднээс хамгийн олон нь УИХ-ын гишүүн П.Анужин хурдан удмын 240 адуутай. Тэрийгээ өндөр үнэ ханшаар үнэлсэн нь мал сургийн хувьд 76 дотроо “үзүүрлэж” байна.
УИХ-ын гишүүдээс 20 нь үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлгүй гэжээ. Эрэгтэй гишүүдээс Б.Энхбаяр, Б.Чойжилсүрэн, Ш.Раднаасэд, Б.Дэлгэрсайхан, Т.Доржханд, Н.Ганибал, Д.Ганбат, Х.Болорчулуун, Ж.Батсуурь, Д.Батлут, С.Батболд, Х.Баделхан, Ё.Баатарбилэг, Т.Аубакир, Н.Алтанхуяг нар, эмэгтэй гишүүдээс Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Х.Булгантуяа нар үнэт эдлэлгүй гэж мэдүүлсэн байна.
Харин үнэт эдлэлээр эхний байранд мөн л УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга 3.7 тэрбум бүхий үнэт эдлэлтэй гэснээр эхэнд оржээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 1.6 тэрбумын үнэ бүхий үнэт эдлэл, Ч.Ундрам нэг тэрбум гаруй төгрөгийн үнэт эдлэлтэй.
УИХ-ын гишүүдээс хамгийн их зээлтэй нь Г.Амартүвшин 1.02 тэрбум, Н.Учрал 500 сая, Ц.Мөнх-Оргил 410 сая төгрөг тус тус байна. Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 10.5 тэрбумын авлагатай, О.Цогтгэрэл 6.8 тэрбум, С.Бямбацогт нар 4.9 тэрбумын авлагатай гэж мэдүүлжээ.