alim.mn | 2024.12.25
Дэлхийн банкнаас 100 сая доллар зээлж, Баянхошуу, 1-р хорооллын замыг сайжруулахаар боллоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
 
Төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
 
 
“Улаанбаатар хотын тогтвортой автозам, тээвэр төсөл”-ийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож, уг зээлийн хэлэлцээрт 2021 оны наймдугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зуржээ.
Төслийн зорилго нь Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний эрчим, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үе шаттай ажлыг хэрэгжүүлэх, сонгогдсон гудамжуудыг аюулгүй, хүртээмжтэй, эрсдэлгүй болгож олон улсын туршлагын дагуу жишиг гудамж бий болгох, замын хөдөлгөөний удирдлагын төвийн цар хүрээ, техник технологийг шинэчилж, нэгдсэн систем бий болгох замаар түгжрэлийг бууруулах хэвтээ тэнхлэгийн шинэ гарцыг бий болгох, замын өргөтгөл шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа аж. 
 
Төслийг санхүүжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бол Нийслэлийн төсвөөс 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд зориулж гаргахаар төлөвлөжээ. Хөнгөлөлттэй зээл нь 30 жилийн хугацаатай бөгөөд үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.
Төслийн хүрээнд гудамжны замын одоо байгаа сүлжээг засварлаж шинэчлэх, шинээр автозам барих, замын хөдөлгөөний зохицуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг сайжруулах, хотын зам, тээврийн стратегийн судалгаа, чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь хуулийн төслийг дэмжиж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, нийслэлийн авто замын түгжрэл өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Орж ирж байгаа төслийг харахаар Баянхошуу, “Өнөр” хорооллын цөөн хэдэн км замыг сайжруулах, шинэчлэх гэх мэт жижиг ажлууд харагдаж байна. Нийслэлд шинэ тойрог зам байгуулж төвлөрлийг бууруулах зэрэг цогц ажилд энэ хөрөнгийг зарцуулж болохгүй юу. Яармагийн гүүрнээс олон улсын нисэх буудал хүртэл хурдны замтай холбосон зам тавьбал яармагийн түгжрэлийг бууруулах боломжтой гэж бодож байна. Мөн Туул гол дээр тавих гүүрийн асуудлыг энэ хөрөнгөөр шийдэх боломж бий юу гэсэн асуулт тавьсан. 
 
Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний төслийг Засгийн газарт танилцуулан үндэсний хороо байгуулан ажиллаж, авто замын түгжрэлийг бууруулах 28 зүйл бүхий 146 төсөл арга хэмжээг олон улсын зээл, дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Үүний нэг нь Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр хийгдэх дээрх төсөл юм байна. Энэ ажлын хүрээнд Нарны замын хэвтээ чиглэлийн замыг зургаан эгнээ болгож, зам тээврийн удирдлагын системийг шинэчлэхээр төлөвлөжээ. Ирэх гурван жилийн хугацаанд Нарны замын чиглэлд шинээр 60.5 км зам барихаас гадна 71.5 км шинэ тойрог зам барихаар тусгасан байна. Шинэ тойрог замын газар чөлөөлөлтөд 120 орчим тэрбумыг зарцуулж, долоон газарт гүүрэн байгууламж барих юм байна. Яармагийн чиглэлд 650 метр гүүрэн байгууламж, түүнчлэн Зайсан, баруун Сонсголонгийн чиглэлд, түүнчлэн шинэ тойрог байгуулахтай холбогдуулан 11 ширхэг олон түвшний огтлолцолтой гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн гэлээ. Эдгээр цогц арга хэмжээнүүдийн нэг нь Дэлхийн банкны төслийн дагуу хэрэгжих юм гэв. Нарны замын одоо байгаа 9.5 км хэсгийг зургаан эгнээтэй болгох бөгөөд тэрхүү зам баруун тийш Сонсголонгийн уулзвартай нийлэн баруун аймгууд руу явдаг замтай холбогдох бол зүүн тийшээ Улиастайн гүүрний замтай нийлэх аж. Нийтдээ Нарны зам 17.5 км, зургаан эгнээ болно гэсэн хариулт өгсөн юм.
 
УИХ-ын гишүүд зээлийн эргэн төлөлт, замын өртөг, түгжрэлийг бууруулах замын урсгалын тооцоолол, шинээр баригдаж буй орон сууцны хорооллын асуудал, газар чөлөөлөлтийн өртөг, шинээр баригдах замуудын зураг төсөв, ТЭЗҮ хийгдсэн эсэх, хотын замын стандарт, нийтийн тээврийн хүртээмж, шинээр импортоор оруулж ирж буй тээврийн хэрэгсэлд хязгаар тавих асуудлын талаар асууж, мөн байр сууриа илэрхийлсэн.  
 
Эцэст нь зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэнээр хууль батлагдлаа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ