
Цагдаагийн ерөнхий газар, цагдаа, дотоодын цэргийн байгууллага энэ оны ажлаа дүгнэн тайлангийн хурлаа хийж, тэргүүний болон шилдэг алба хаагчдадаа шагнал гардуулах ёслолын арга хэмжээг /2021.12.27/ зохион байгуулав.
Тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, даргын зөвлөлийн гишүүд болон алба хаагчид танхим болон цахим хэлбэрээр оролцсон юм.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд "Цагдаа, дотоодын цэргийн байгууллага 2021 онд дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүллээ. Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын нөхөн сонгууль, Коронавируст халдварын цар тахлын үеийн хорио цээрийн дэглэм сахиулах, хэв журмын хамгаалалт, зохицуулалт гээд олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, ачаалалтай ажилласан.
Төр, засгаас бидний ажиллах нөхцөл бололцоог хангах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлсний нэг нь энэ онд 650, ирэх 2022 онд 568 алба хаагчийн орон тоог нэмэгдүүлэн шийдвэрлэлээ" гэв.
Тайлангийн хурлаар ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан ажилласан “Хөдөлмөрийн тэргүүний болон ажил, мэргэжлийн шилдэг, оны онцлох алба хаагч, хамт олон”-оо шалгаруулан шагналаа.
Тухайлбал:
- “Ажил, мэргэжлийн шилдэг замын цагдаагийн зохицуулагч” Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Чимэд-Очирын Өлзийбаяр,
- “Хамгийн уран нарийн аргаар гэмт хэрэг илрүүлсэн оны онцлох алба хаагч” Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Хүрэл-Эрдэнийн Энхмандах,
- “Хамгийн эр зориг, тэсвэр, тэвчээртэй оны онцлох алба хаагч” Завхан аймаг дахь цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Лхагвасүрэнгийн Жамбалдорж,
- “Оны онцлох харуулчин” Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах хоёрдугаар салбарын харуулчин, ахлах ахлагч Бат-Эрдэний Ихбаяр,
- “Оны онцлох удирдах ажилтан” Дорнод аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Төмөрбатын Ганзориг,
- “Арван тавны цагдаа” Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Баатарын Энх-Амгалан нар тус тус шалгарлаа.
Эх сурвалж: ЦЕГ